"Шатар чулуу"-ны хөшөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс хэлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хиргэсүүрүүдээс бүрдэнэ. Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдаг.
Эдгээрийн олонхи болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар урласан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна. Барагцаалбал 13 буган чулуун хөшөө байгаа. Хөшөөг саарал ягаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан байна. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм.
МЭ 450-550 жилийн үед Хүннү нар шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй “Шатрын товч түүх” номондоо тэмдэглэснээс үзвэл, Монгол овогтноос анх шатар үүсч хөгжсөн гэсэн дүгнэлт хийж болох. Зарим судлаачдын тэмдэглэснээр энэхүү дурсгалын ойр орших Эрдэнэцогт сумын төвийн байрлаж байгаа газарт эртний Хүннү гүрний үеийн хот суурины үлдэгдэл байх магадлал өндөртэй гэж тэмдэглэжээ.
Б.Мөнхзул