Энэтхэг улс шинээр 10 цөмийн реактор барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-05-18 14:34:14
ШИНЭ ДЕЛИ. /BBC/.  Энэтхэг улсын засгийн газар цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлэх зорилгоор 10 хүнд усны реактор барихаар төлөвлөж байна.  

Энэтхэг улс бол хамгийн их цахилгаан эрчим хүч хэрэглэгч орнуудын нэг бөгөөд эрчим хүчнийхээ ихэнхийг нүүрснээс гарган авдаг.

Шинээр барих реакторууд нь тус улсын өнөөдрийг хүртэлх хугацаанд суурилуулсан цөмийн эрчим хүчний нийт хүчин чадлаас давах юм. Гэхдээ барилгын ажил хэдийд эхлэх нь тодорхойгүй байна. 

Одоогийн байдлаар 6 780 мегаваттын хүчин чадалтай 22 АЦС Энэтхэг улсад ажиллаж байгаа юм. 

Тус улсын Эрчим хүчний сайд Пиюүш Гояал сэтгүүлчдэд ярихдаа "Эрчим хүчний хүчин чадал 7 000 мегаваттаар нэмэгдэнэ. Цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд энэ нь тус дөхөм болно" гэжээ.

Барихаар төлөвлөж буй АЦС-ууд нь 11 тэрбум  доллар өртөгтэй бөгөөд 33 мянга гаруй ажлын байр бий болгох юм. 
 
Дотооддоо үйлдвэрлэх реакторуудыг “Энэтхэгт хийцгээе” уриан дор барих бөгөөд засгийн газрын энэхүү санаачилга нь Энэтхэгийн цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг эрс өсгөхөд чиглэжээ.
 
Х.Сарнай 


 


Related news