Өвөрхангайд ундны усыг шинжилгээнд хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 11:46:12

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Сорилтын нэгдсэн лаборатори нь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран орон нутгийн хүнсний чанар аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Арвайхээр сумын ундны усны шинжилгээний төсөл боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, “Онги ус суваг” орон нутгийн өмчит компани зэрэг байгууллагуудтай хамтран 14 цэгээс ундны болон цэвэршүүлсэн усны дээж авч, шинжилгээнд хамруулан хариуг холбогдох газарт хүргүүлээд байгаа юм. Мөн 11 сард багтааж хөдөө, орон нутгийн 20 худагнаас усны дээж авч шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна.

Сорилтын нэгдсэн лаборатори нь орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн  хүнсний бүтээгдэхүүний шинжилгээг итгэмжлэлийн хүрээнд  хийж гүйцэтгэдэг бөгөөд бүрэн тоноглогдсон лабораторийн пургон авто машинтай болсноор хөдөө хээр ажиллаж, шинжилгээ явуулах боломж бүрдээд байгаа аж.

Б.Батчимэг

            

Related news