ӨВӨРХАНГАЙ: Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг шинэ байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын тусгай хэрэгцээт 11 дүгээр цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа. Улсын төсвийн 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан уг барилга нь улсын хэмжээнд жишиг болохуйц бөгөөд хоёр давхар, 3600 м.кв талбайтай, 100 гаруй өрөөтэй.
Тус цэцэрлэгийг 2017 онд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, сургуулийн өмнөх насны тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хамруулж эхэлсэн. 2018 онд өргөтгөл хийсэн ч ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул 2022 оноос түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж өнөөдөр цэцэрлэгийн шинэ барилгын үйл ажиллагаатай танилцаж, цаашид 19 сумаас тусгай хэрэгцээт хүүхдүүдийг бүрэн хамруулах, багш, ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгч, санал солилцлоо.
Цэцэрлэгийн хүчин чадал 75 хүүхдийнх тул ирэх жилээс багш, боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлж, 19 сумаас тусгай хэрэгцээт хүүхдүүдийг бүрэн хамруулах үүрэг өгсөн байна. Мөн мэргэжлийн багш нарыг Франц улсын Аллиер мужид сургахаар боллоо.