"Оросын төмөр зам" НХН-ын дарга асны хүүгийн компани 5,9 сая долларын торгууль төлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-05-15 15:07:45
ВАШИНГТОН./VOA/. "Оросын төмөр зам" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Москва мужийн тээврийн сайд асан Петр Кацывын хүү Денисийн эзэмшдэг “Prevenzon Holding” компани АНУ-д 5,9 сая долларын хэмжээтэй торгууль төлөхийг зөвшөөрчээ.

2012 оны 12 дугаар сард АНУ-ын Конгрессын баталсан “Магнитскийн хууль”-ийг анх удаа практикт хэрэглэсэн нь энэ юм. Уг хуулинд Орост хүний эрхийг зөрчсөн хэрэгт холбогдсон этгээдүүдийн санхүүгийн хөрөнгийг битүүмжлэх, тэдэнд визийн хориг тавих асуудлыг тусгасан байдаг.

“Гэмт хэргийн замаар олсон мөнгийг угаахдаа АНУ-ын санхүүгийн тогтолцоог ашиглахыг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Шүүхээс өмнөх шатанд байгуулсан хэлцлийн дагуу сэжигтнүүд Оросын төсвөөс луйврын замаар хулгайлсан мөнгөө нөхөн төлөөд зогсохгүй дээр нь эдгээр хөрөнгийн үнийн дүнгээс гурав дахин их торгууль болон тэдний АНУ дахь үл хөдлөх хөрөнгө болон банкинд оруулсан хөрөнгөнөөс 10 дахин их хэмжээний торгуулийг төлөхийг зөвшөөрсөн” гэж Манхеттэн дүүргийн прокурорын үүрэг гүйцэтгэгч Жүн Ким мэдэгджээ. 

“Hermitage Capital Managment” сангийн тэргүүн Уильям Браудер Нью-Йоркийн шүүхэд хандсанаар 2013 оны 9 дүгээр сард “Prevenzon Holding” компани болон Денис Кацывын эсрэг эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Бизнесмен У.Браудерын ярьснаар, "Оросын төмөр зам" НХН-ийн дэд ерөнхийлөгчийн хүүгийн эзэмшдэг компани Оросын төсвөөс хулгайлсан 230 сая долларыг угаахад оролцсон ажээ.

2005 онд Орост гадаадын томоохон хөрөнгө оруулалтын нэг санг тэргүүлдэг байсаг У.Браудерыг ОХУ-т нэвтрэхийг нь хоригложээ. Татвар төлөөгүй, луйвар хийсэн гэх үндэслэлээр түүнийг ОХУ-д нэвтрүүлэхгүй байгаа аж. Браудерийн эл үйлдлийн улмаас  улсын төсөвт 2,9 тэрбум рублийн хохирол учирсан гэж Оросын эрх баригчид тооцоолжээ.

Харин У.Браудер үүнийг эрс үгүйсгээд, 230 сая долларын хэмжээтэй мөнгөн хөрөнгийг ОХУ-ын Дотоод хэргийн яам, Ерөнхий прокурор, татварын албаны өндөр албан тушаалтнууд багтдаг гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд Оросын төсвөөс хулгайлсан гэдгийг дурдсан байна.

“Hermitage” сангийн аудитын ажилтнууд энэ гэмт хэргийн нотолгоог цуглуулж чадсан ба улмаар 2007 онд Оросын хууль сахиулах болон төрийн байгууллагуудын албан тушаалтнууд мөнгө хулгайлахад оролцсон болохыг илчилсэн нотолгоог олон нийтэд ил болгожээ.

Энэхүү мөрдөн шалгалтад оролцогчдын нэг болох аудитын ажилтан Сергей Магнитскийг 2008 оны 11 дүгээр сард Орост баривчилсан ба тэрбээр Москва хотын “Матросская тишина” урьдчилан хорих төвд хоригдож байгаад нас баржээ. Олон улсын болон Оросын хүний эрхийн байгууллагууд хуульчийн нас барсан шалгаан нь тамлан зовоосон, зодсон мөн эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзсан явдал болохыг тогтоосон байна. Сергей Магнитский амь нас алдсан хэрэгт холбогдуулан нэг ч хүнд хариуцлага тооцоогүй аж.

2010 онд У.Браудер аудитын ажилтан С.Магнитскийн үхлийн нөхцөл шалтгааныг тодруулах, Оросын төсвөөс мөнгө хулгайлсан хэрэгт холбоотой этгээдүүдийг илрүүлэх кампанит ажиллагааг явуулж эхэлж байгаагаа мэдэгджээ.

“Prevenzon Holding” компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх явцад санхүүгийн луйвар хийсэн, мөнгө угаасан гэмт хэрэгт оролцсон гэсэн хэрэгт холбогдуулан Денис Кацывын эзэмшдэг 11 компанийг шалгаж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад, "Оросын төмөр зам" НХН-ийн дэд ерөнхийлөгчийн эзэмшдэг банкны дансанд оффшор компанийг ашиглан гүйлгээ хийж Оросын төсвөөс хулгайлсан нийтдээ 1,9 сая долларыг шилжүүлсэн нь тогтоогджээ. Дээрх мөнгөнөөс 600 мянган долларыг нь Кацыв Нью-Йоркт үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад зарцуулсан байна.

2013 онд АНУ-ын Хууль зүйн яам “Prevenzon” компанийн данс, актив хөрөнгийг нь битүүмжилсэн юм. Энэ хэргийн эцсийн шүүх хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 15-ны даваа гарагт болохоор товлогдсон байсан боловч шүүх хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө Денис Кацывын өмгөөлөгчид 5,9 сая доллар төлөхийг зөвшөөрөн, холбогдох гэрээнд гарын үсэг зуржээ. Кацыв өөрөө Манхеттэны Өмнөд тойргийн прокурорын газрын бэлтгэсэн баримт бичигт 5 дугаар сарын 12-ны баасан гарагт гарын үсэг зурсан байна.

“Энэ бол С.Магнитскийн шударга ёсны төлөөх тэмцэлд гарч буй асар том ялалт юм. Шүүхийн энэ шийдвэр нь Оросын төсвөөс мөнгө хулгайлсан этгээдүүдэд хулгайлсан мөнгөө Өрнөдөд нууж чадахгүй, тэднийг хариуцлагад татах болно гэдгийг харуулсан тодорхой сануулга боллоо” гэж У.Браудер мэдэгджээ.
О.Барс 






 

Related news