23 суманд сонгуулийн хороо байгуулагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-14 14:38:32
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан аймгийнхаа 23 суманд сонгуулийн хороог байгуулжээ. Тус аймаг 23 сум 1 тосгонтой боловч Хатгал тосгон бие даан сум болоогүй учир иргэд өмнөх жилүүдийн адил Алаг-Эрдэнэ суманд харъяалагдан санал өгөх гэнэ.
Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос ирсэн журмын дагуу зарим сумын хүн ам цөөн хэсгийн хороодыг нэгтгэх ажил явагдаж байгаа бөгөөд сонгуулийг ямар нэгэн будлиангүй шударга зохион байгуулахын тулд хэсгийн хороодод өмнөх сонгуульд удаа дараа ажиллаж байсан туршлагатай төрийн албан хаагчид байгаа гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир хэвлэлийнхэнд мэдээллээ.
Б.Гантуяа
Related news