Умард Солонгос кибер халдлага үйлдэж байна гэж анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-05-12 17:03:31
ВАШИНГТОН./VOA/. Дэлхийн санхүүгийн байгууллагуудыг онилсон кибер халдлагуудтай Умард Солонгосын Засгийн газар холбоотой гэж АНУ-ын интернэтийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдах албан тушаалтан анхаарууллаа.

Америкийн “Symantec” компанийн захирал Жефф Грин өчигдөр Сенатын Дотоодын аюулгүй байдал ба Засгийн газрын асуудал эрхэлсэн хороонд энэ тухай мэдэгджээ.

Түүний хэлснээр, Умард Солонгосын хакерчдын нэгэн бүлэглэл Бангладешийн Төв банкийг хакердан 81 сая доллар хулгайлсан байна. Умард Солонгос өөр улсуудын банк санхүүгийн байгууллагуудыг хакердсан гэж тэрбээр хэллээ.

Мөнгө хулгайлахын тулд хувь хүмүүсийн зүгээс банкуудыг онилон кибер халдлага үйлдэж байна гэж мэргэжилтнүүд урьд нь анхааруулж байсан юм. Гэхдээ санхүүгийн байгууллагыг онилсон кибер халдлагад засгийн газар холбоотой гэж мэдэгдсэн анхны тохиолдол нь энэ ажээ.

Умард Солонгосын хакерчид 30 гаруй улсын банкуудыг онилон кибер халдлага үйлдэж, их хэмжээний мөнгө хулгайлсан болохыг АНУ ба Оросын интернэтийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд илрүүлсэн байна.
 
 Г.Доржханд
 






Related news