“Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа” аяны хаалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-11 17:58:21
Дархан-Уул / МОНЦАМЭ / Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 150 дугаар тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын наймныг “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосны дагуу Дархан-Уул аймгийн Улаан Загалмайн хорооноос эрхлэн “Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа” аяныг нэг сарын хугацаанд зохион байгууллаа.
Уг аяны хаалтад аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Улаан Загалмайн хорооны Тэргүүн Г.Эрдэнэбат, аймгийн ЗДТГ-ын дарга, “Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааны зөвлөл”-ийн дарга Ч.Энхбат нар оролцож хүмүүнлэгийн үйлстнүүдэд хүндэтгэл үзүүлэв. Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Улаан Загалмайн хорооны Тэргүүн Г.Эрдэнэбат аяны хаалтад хэлсэн үгэндээ: “Өсвөрийн Улаан загалмайчдын нэгдсэн зөвлөл”-өөс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд тавьсан хүсэлтийн дагуу сар бүрийн наймны өдрийг “Хүмүүнлэгийн өдөр” болгох тухай Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарсан. Энэ нь орон нутгийн хэмжээнд хүмүүнлэгийн ажил, сайн үйлсийн аяныг зохион байгуулахад төр, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийг татан оролцуулж хүүхэд залуучуудад энэрэнгүй үзэл төлөвшүүлж хүмүүнлэгийн үйлсэд сайн дурынханы оролцоог нэмэгдүүлэх зорилготой шийдвэр юм” хэмээн онцлоод “Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа” аянд нэгдэж оролцсон бүх хүмүүст баяр хүргэв. Энэ үеэр аяны хугацаанд зохион байгуулсан ажлуудад идэвхтэй оролцож хүмүүнлэгийн үйлсэд бодит хувь нэмэр оруулсан байгууллага, иргэд Улаан Загалмайн “Онцгой гишүүд”-эд шагнал гардууллаа. Тэдгээрээс Дархан сумын 13 дугаар баг “Манлайлагч байгууллага”-аар шалгарч “Хүндэт өргөмжлөл”-ийн эзэн болов. Мөн үеэр Дархан сумын 7, 15 дугаар цэцэрлэгийн 36 хүүхэд багачууд Улаан загалмайн гишүүнд элсэж тангараг өргөлөө.
                                                                      Б.Норовсамбуу
Related news