Багш, эцэг эхчүүд, хүүхдүүдийн математикийн олимпиадын эцсийн дүн 11-нд гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-09 18:33:40
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит матемаитикийн олимпиад 15 дахь жилдээ амжилттай явагдаж байна.
Хүүхдүүдийн математик сэтгэлгээг хөгжүүлэх, математик сонирхогчдын хүрээг өргөжүүлэх зорилготой энэ наадамд Завхан аймгийн ерөнхий боловсролын бүх сургуулийн хүүхдүүд оролцож жил бүр оюуны бядаа үздэг уламжлалтай. Олимпиад сурагчдын 9, багш нарын хоёр, эцэг эхчүүдийн нэг ангиллаар аймгийн хэмжээнд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Нийт 124 алтан медаль, 165 мөнгөн медаль, 165 хүрэл медаль,  22 аваргын цом,  63 тусгай байрын төлөө 4-12-р ангийн сурагч, багш, эцэг эхчүүд нээлттэй оролцож өрсөлддөг онцлогтой. Мэргэжлийн багш нарын олимпиадад математик, мэдээлэл зүй, геометр, физикийн багш нар, мэргэжлийн бус багш нарын олимпиадад бусад мэргэжлийн багш нар оролцдог ажээ. Мөн эцэг эхчүүдийн олимпиадад багшийн мэргэжлээс бусад мэргэжилтэй бүх эцэх эхчүүд оролцох боломжтой юм. Олимпиадын эхний шатны шалгаруулалт Завханы зургаан сумд бүсчлэн зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн байдлаар Цагаанчулуут, Дөрвөлжин, Нөмрөг, Улиастай суманд нийт 16 сумыг  хамруулан амжилттай зохион байгуулаад байна. Эхний шатны бүсийн шалгаруулалтууд  энэ сарын 9-нд Баянхайрхан, 10-нд Тосонцэнгэл суманд үргэлжлэх бол  хоёрдугаар шатны шалгаруулалт 5-р сарын 11-ний өдөр Улиастай хотод болох юм.  Олимпиадын хоёрдугаар шатанд нэгдүгээр шатнаас анги тус бүрээс шалгарсан эхний зургаан  сурагч хамрагдах ажээ.
Б.Мягмарсүрэн        
Related news