Нийгмийн ажилтнуудыг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ур чадварын сургалтад хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-04 21:36:31
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус аймагт ажиллаж амьдарч байгаа сэтгэл зүйчдийг оролцуулсан “Сэтгэл зүйчдийн уулзалт зөвлөлгөөн” зохион байгуулж 11 сэтгэл зүйч оролцлоо. Зөвлөлгөөний нээлтэд аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан хэлэхдээ: “Сэтгэл зүйчдийн хамтын уялдаа холбоог сайжруулж туршлага солилцож цаашид хамтран ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймагтаа ажиллаж байгаа мэргэжлийн сэтгэл зүйчдийг оролцуулсан зөвлөгөөнийг хийж байна” гэж онцлов.
Тэрбээр: “Сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага аль ч нийгэм, цаг үед тулгамдсан асуудал болсоор ирсэн. Сэтгэл зүйн боловсролыг олон нийтэд олгосноор хувь хүний харилцаа хандлагад, нийгэмд олон эерэг үр дүнг авч ирж олон сөрөг хандлага, үйлдлүүдээс урьдчилан сэргийлэх болон даван туулах боломжийг бий болгоно” гэлээ. Цаашид тус газрын дэргэд “Сэтгэл зүйчдийн клуб”-ыг байгуулж ажиллахаар шийдвэрлэсэн бол баг бүрийн нийгмийн ажилтнуудыг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ур чадварын сургалтад хамруулж “Сэтгэл зүйчдийн нэгдсэн мэдээллийн сан”-тай болж судалгааны арга зүйн багц материал бүрдүүлэхээр боллоо. Мөн “Сэтгэл зүйчдийн клуб”-ыг байгуулснаар хүүхэд, гэр бүл, иргэдэд сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээг мэргэжлийн төвшинд үзүүлэхэд тус дөхөм болно гэж зохион байгуулагчид болон оролцогчид нь үзэж байна.
                                                                                                                                                   Б.Норовсамбуу
Related news