Оросын Төв банк бодлогын хүүгээ 9,25 хувь болгон буурууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-05-01 14:16:33

МОСКВА./TASS/. ОХУ-ын Төв банк /Банк России/ бодлогын хүүгээ 0,5 пунктээр бууруулж, жилийн 9,25 хувь болголоо. Энэ тухай ОХУ-ын Төв банкны Захирлуудын зөвлөлийн хуралдааны дараа хийсэн мэдээлэлд дурджээ.

“Төв банкны Захирлуудын зөвлөл 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж бодлогын хүүгээ жилийн 9,25 хувь болгон бууруулах шийдвэр гаргалаа” гэж мэдээлэлд дурдсан байна.

Төв банк инфляцийн түвшинг 4 хувьд барих зорилтдоо ойртож байгаа, инфляци үргэлжлэн буурч байгаа болон эдийн засгийн идэвхжил сэргэж байгааг мэдээлэлд онцлон тэмдэглэжээ. Үүний сацуу инфляцийн эрсдэл байсаар байна гэж Оросын Төв банк дурдлаа.

Төв банкны үзэж байгаагаар, мөнгөө хадгаламжинд байршуулах, инфляцийг тогтвортой бууруулах хандлагыг дэмжихийн тулд  мөнгө-зээлийн хатуу бодлогыг аядуу байдлаар хадгалах хэрэгтэй байна.

Бодлогын хүүгийн талаар шийдвэр нь цаашдаа нэг баррель газрын тосны үнэ 40 доллар хүртэл буурах болон газрын тосны үнэ өсөх магадлалын харьцаа, түүнчлэн инфляцийн цаашдын өсөлт бууралт, эдийн засгийн хөгжил талаарх таамаглалын үндсэн дээр гарч байх болно гэж Төв банк дурдав.
О.Барс 

 

 

 

 

 


Related news