Хэнтий аймгийн Засаг даргын захирамж цуцлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-29 11:49:03
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/177 тоот захирамжаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглосныг цуцалжээ.
 
Тус аймагт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын харъяат, 58 настай иргэн Л архинд хордсон байж болзошгүй байдалтай Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирээд, эмчилгээ авч чадалгүй нас барсан юм. Мөн эл өдөр Хэрлэн сумын харъяат иргэн Б, Мөрөн сумын харъяат иргэн Л зэрэг 5 иргэн ижил төрлийн зовиуртайгаар хүлээн авах тасагт хүргэгдэн ирж, эмчилгээ хийлгэсэн байна. Иймд Нэгдсэн эмнэлгээс иргэдээ элдэв хорт идээнээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор аймгийнхаа цагдаагийн газарт мэдэгдсэнээр тус алба ажиллагаа явуулжээ.
 
Хэнтий аймаг дахь Цагдаагийн Газар, Прокурорын газар, Шүүхийн Шинжилгээний Алба хамтран талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд албан ёсны хариу хараахан гараагүй байгаа юм байна.
 
Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар эмнэлэгт хүргэгдсэн дээрх иргэдийн зарим нь олон хоногоор архи уусан нь тогтоогдсон бөгөөд Цагдаагийн Газраас шалгалт явуулж, 2 аж ахуйн нэгжийн 6 нэр төрлийн архийг хураан авч, аймгийн МХГ 4 чиглэлээр дээж авч шинжилжээ. Шинжилгээний хариу урьдчилсан байдлаар хэвийн, үйлчилгээнд гарч болно гэсэн дүгнэлт гарсан ба нарийвчилсан шинжилгээг хийлгэхээр Улаанбаатар хот руу явуулаад байгаа аж.
 
Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг архи согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/167 дугаар захирамж ийнхүү цуцлагджээ.
Д.Одонтунгалаг

Related news