Төрийн албан хаагчид “Нарны алхалт” хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-27 12:52:44
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн төрийн захигааны байгууллагын албан хаагчид “Нарны алхалт” хийв.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 119 дүгээр зарлиг, УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”, Засгийн газрын 2011 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”, Дархан-Уул аймгийн “Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорил” сарын аяныг энэ сарын 15-наас эхлүүлжээ.
Аяны эхлэл болгож өнгөрсөн долоо хоногт төрийн болон ТББ-ын төлөөлөл 80 гаруй хүнийг оролцуулсан сургалтыг явуулсан бол одоо “Нарны алхалт” хийлээ. Энэхүү алхалтыг “Монголын спорт аяллын холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл”, аймгийн Засаг даргатай байгуулсан санамж бичгийн хүрээнд явуулсан байна.
Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат "Төрийн захиргааны албан хаагчид Дархан хотын “Морин хуур” цогцолборын өмнө цугларч биеийн жин, бүсэлхийн тойрог, даралтаа үзүүлж тус цогцолбороос уруудаж дүүжин гүүрээр дамжин “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн  төв замаар алхалт хийж “Дархан-50” цогцолборт ирж хийн дасгал хийлээ. Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой энэхүү “Нарны алхалт” цаашид үе шаттайгаар үргэлжилж  явагдана” гэв.
Мөн энэ хүрээнд цаашид “Өөрийгөө ялах” бүх нийтийн марафон гүйлт, “Дугуйн баяр”, “Бүжгийн спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг явуулахаар төлөвлөжээ.
                                                                                                                                                  Б.Норовсамбуу
 
 
Related news