НҮБ-д олгодог санхүүжилтээ бууруулахгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-04-26 10:08:39
НҮБ. /AP/. АНУ-аас НҮБ-д суух Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан 9 хүн Конгрессын гишүүдэд хандан  захидал илгээж, НҮБ-ын төсөвт оруулдаг санхүүжилтээ багасгахгүй байхыг уриалжээ.
 
“НҮБ нь дэлхий дахины тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангахад чиглэсэн чухал арга хэрэгсэл хэвээр байгаа билээ. Тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтээс АНУ-ын ашиг сонирхол хамаардаг учраас НҮБ дахь АНУ-ын манлайлах байр суурийг хэвээр хадгалан өөрт ногдсон татвар болон сайн дурын үндсэн дээр өгдөг хандиваа үргэлжлүүлэн олгохыг уриалж байна” гэж захидалд дурдсан байна.  
 
Захидал илгээсэн хүмүүс бол АНУ-ын 5 ерөнхийлөгчийн үед НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Бүгд Найрамдах нам болон Ардчилсан намын гишүүд юм.

АНУ бол НҮБ-ын хамгийн том хандивлагч орон бөгөөд энэ онд 611 сая долларыг тус байгууллагын төсөвт оруулах ажээ.
 
Түүнээс гадна тус улс жил бүр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд зориулж 2 тэрбум доллар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Хүнсний хөтөлбөрөөс хэрэгжүүлдэг гол гол төслүүдэд олон зуун сая доллар хандивладаг байна


Х.Сарнай 

 
Related news