30 гаруй сая төгрөгийн бараа борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-25 12:13:13
Дорноговь /МОНЦАМЭ/.“Дорноговь аймгийн соёлын өдрүүд”, "Аялал жуулчлал, бизнес форум" өдөрлөг энэ сарын 23-наас 24-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын “Шинэ Эрээн" худалдааны төвд боллоо.
Үзэсгэлэн худалдаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин болон бизнес эрхлэгч зочин, сонирхогч нийт 100 гаруй хүн, урлаг соёлын 30 гаруй хүн оролцов. Дорноговь аймгийн бизнесийн салбарынхан, аялал жуулчлалын үйл ажиллагаа, байгалын болон түүхийн дурсгалт газруудыг сурталчлах, жуулчин хүлээн авах нөхцлийг судлах, үйлдвэрлэл эрхлэгчид, соёлын байгууллагынхны ажлыг танилцуулах, сурталчлах өдөрлөгт орон нутгийн бизнес эрхлэгчид гурил, гурилан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, ноолуур, арьс ширэн эдлэл, үндэсний монгол хувцас,  уран зураг, монгол гэр зэрэг олон бүтээгдэхүүнээр оролцож 30 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн аж.
"Зарим бизнес эрхлэгчид Эрээнд үлдэж наймаа арилжаагаа үргэлжүүлж байгаа. Тэр тусмаа монгол гэр хийдэг компани нэг гэр борлуулснаас гадна 10 орчим гэр үйлдвэрлэж нийлүүлэхээр Хятадын талаас захиалга авсан.  Орон нутгийн удирдлагууд үзэсгэлэн худалдааг Эрээнд улиралд нэг удаа зохион байгуулах, Өвөрмонголын өөр хот, аймагт худалдаа арилжаа хийх боломжийг судлах талаар өдөрлөгийн үеэр ярилцсан" хэмээн аймгийн  ХХААГ-ын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга А.Буянхишиг ярив.     
 

Х.Эрдэнэбулган         
Related news