“Ухаалаг дэвтэр” шинэ санаа, шийдлийн эрэлд гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-19 14:07:40

Хэнтий /МОНЦАМЭ/Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Хэнтийн мэдээ” сонины редакц хамтран “Оны 9 алдартан”-ы нэрэмжит “Хан Хэнтийчүүдийн шинэ санаа-шийдэл” ухаалаг дэвтрийг аялуулж эхэллээ.

Нэг сарын хугацаанд Хэнтий аймгийн 18 сум, 5 тосгон, 83 баг, төр, хувийн хэвшлийн байгууллагад аялах энэхүү дэвтэр нь
-Хэнтий аймгийн Оны алдартнуудад дамжуулах таны сэтгэлийн үгс,
-Аймаг, сумын удирдлагуудаар нэн даруй шийдүүлэхийг хүсэж буй асуудлууд,
-Аймаг, сум, баг, байгууллагынхаа эргэн тойронд хийж хэрэгжүүлж болох шинэ санал, санаачлага болоод эдгээрийг хэрхэн, яаж хэрэгжүүлж болох шийдлийг иргэдээсээ эрэн хайх зорилготой аж.

“Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017-2020 онд оны үйл ажиллагааны үндсэн зорилт”-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Жил бүр аймаг, сумын хэмжээний тулгамдсан зайлшгүй хийх ёстой ажил, асуудлыг хэлэлцүүлэн тодруулж, нийтийн сонсгол хийх замаар шуурхай шийдвэрлэдэг тогтолцоог бий болгож...” гэсэн заалт бий.  Энэ дагуу Монгол Улсын 2011, 2013 оны орон нутгийн шилдэг хэвлэл “Хэнтийн мэдээ” сонины редакц, Хэнтий аймгийн гал бичин жилийн "Оны алдартан"-аар шалгарсан эрхэмүүд санаачлан “Хан Хэнтийчүүдийн шинэ санаа-шийдэл”-үүдийг сонсож, холбогдох байгууллага, удирдлагуудад саналыг нь хүргэж шийдвэрлүүлэхээр зорьжээ. Харин тус аймгийн ИТХ энэхүү санаачлагыг нь дэмжиж ийнхүү хамтран ажиллаж байгаа юм байна. 

Д.Одонтунгалаг

Related news