Томск мужаас орос хэлний багш ирж сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2017-04-18 13:33:36
Увс /МОНЦАМЭ/ Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-ийн дэмжлэгтэйгээр Увс аймагт Орос хэлний төв байгуулагдан ажиллаж байна. ОХУ-ын Томск мужийн Улсын багшийн их сургуулийн багш Елена Юрьевна Кошелева РЦНК-ийн салбар Увс аймаг дахь Орос хэлний төвд багшлахаар өчигдөр хүрэлцэн ирлээ.
Энэ дагуу орос хэлний сургалтанд суухаар бүртгүүлсэн хүмүүс өнөөдрөөс эхлэн өдөр бүр хуваарийн дагуу хичээллэж эхэлжээ. Тухайлбал, өглөө 9-11 цагийн хооронд 7-8-р ангийн сурагчдад, өдөр 14-15 цагийн хооронд 9-12-р ангийн сурагчдад, 15-16 цагийн хооронд насанд хүрэгчдэд, орой 17-18 цагийн хооронд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилчдад орос хэлний хичээл зааж байна.
Харин орос хэлний багш нарт заах аргазүйн сургалт, семинар энэ сарын 19-ээс эхлэх аж. Энэхүү төв байгуулагдсанаар Увс аймгийн хүүхэд залуучууд, иргэдэд орос хэлний боловсрол эзэмшүүлэх, сургах, орос хэлний багш нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх боломж нээгдэж байна.
Б.Батхүү
Related news