Ахмадууд бага ангийн сурагчдад даавуун хуудастай ном урлаж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-11 22:36:33

Дундговь/МОНЦАМЭ/ Үлгэрийн үйл явдлыг хүүхэд ургуулан бодож, өрнүүлэн ярьдаг байх нь тэдний хэл яриа, сэтэхүйг хөгжүүлэхэд энгийн хэрнээ чухал дадал болдог байна. Энэ чадварыг нь хөгжүүлэхэд зориулан ахмад настнууд өөрсдийн гараар үлгэрийн ном бүтээж хүүхдүүдэд өгчээ.

Тухайлбал, Сайнцагаан сумын иргэн Д.Буян- Оршихын урласан эсгий ном хүүхдүүдийн сонирхлыг татсан байна. Үлгэрийн баатруудыг эсгийгээр хайчилж, номын хуудсыг ч эсгийгээр хийсэн бөгөөд хүүхдүүд үлгэрийг өрнүүлж ярихдаа үлгэрийн гол баатруудыг номын хуудсанд өлгөж үйл явдал бүтээнэ. Мөн Сайнцагаан сумын 7- р багийн иргэн С. Чулуунбаатар даавуун дээр тосон будгаар үлгэрийн баатруудыг зурж номоо бүтээсэн нь хүүхдүүд зураг дээрх үйл явдлыг зохиомжлон ярихад зориулжээ.

Энэ мэтээр олон төрлийн номыг Сайнцагаан сумын ахмадууд бага ангийн сурагчдад зориулан урласан байна.

Номын талаар “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Уранчимэг хэлэхдээ, “1- 3 дугаар ангийн сурагчид монгол хэлний хичээлд ашиглах бүрэн боломжтой, бидний сургалтын хэрэгцээг мэдсэн юм шиг тохируулж хийсэн байна. Хүүхэд номын зургийг хараад хүүрнэн ярих, ингэснээр зохион бичих чадварт ч сайнаар нөлөөлөх ийм ном болжээ” гэв.

Гараар ном бүтээх нэг сарын аяныг Сайнцагаан сумын 8- р багийн ахмадын  зөвлөл санаачлан сумынхаа нийт ахмадуудын дунд зохион байгуулсан нь энэ бөгөөд Сайнцагаан сумын иргэн С. Чулуунбаатарын даавуун ном, 5- р багийн Ахмадуудын хамтран бүтээсэн номын багц аяныг манлайлжээ.

Т. Отгонтуяа

Related news