Ирэх сард Орхон аймагт хоёр цэцэрлэг нээлтээ хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Засаг даргын захирамжаар бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, гүйцэтгэлийн явцад хяналт тавих зорилгоор дөрвөн чиглэлд ажлын хэсэг байгуулагджээ. Үүнд нийгэм, авто зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ хариуцсан баг, мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэд аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнд ажлаа тайлагналаа.
Авто замын гүйцэтгэл 68,5 хувьтай байгаа бөгөөд орон нутгаас хийгдэх санхүүжилтээ яаравчлах хэрэгтэй байгаа гэнэ. Харин “Эрдэнэ” багийн Соёлын төвийн барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнийг улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажээ. Ирэх сарын нэгэнд “Унага”, “Бүжинхэн” цэцэрлэг ашиглалтад орно. Мөн Баян-Өндөр сумын “Уурхайчин” багт баригдах Өрхийн эрүүл мэндийн жишиг цогцолборын ажил хэвийн явж байгаа гэж ажлын хэсгийхэн мэдээллээ.
Б.Оюун-Эрдэнэ