Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх асуудлаар ярилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, түүний тамгын газраас “Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Уулзалт, ярилцлагыг Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан юм.
Уг уулзалтын үеэр Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын төслийг танилцуулж, Дээд шүүхэд 2016 онд улсын хэмжээнд хянан шийдвэрлэсэн эрүү, иргэний болон захиргааны хэргийн хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагааны алдаа, зөрчил, давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүчингүй болгосон үндэслэл, анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.
Мөн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг цагаар бүртгэх нь хүний эрх, эрх чөлөөнд хэрхэн халдаж буй талаар танилцуулгуудыг хийж, ярилцлага өрнүүлсэн байна.
Д.Одонтунгалаг