Иванка Трампын гэр бүлийн хөрөнгө чинээ 740 сая доллар
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЛОНДОН./BBC/. АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер хоёр 240-740 сая долларын үнэ бүхий актив хөрөнгийг эзэмшдэг. Энэ талаар Ерөнхийлөгч Дональд Трампын ахлах зөвлөхөөр томилогдсон Ж.Кушнерын хөрөнгө орлогын мэдүүлэгт дурджээ.
Д.Трампын хүргэний хөрөнгө орлогын талаарх мэдээлэл Цагаан ордны гол ажилтнуудын мэдүүлгийн хамтаар нийтлэгджээ. Мэдүүлэгт тухайн хүний орлого, Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллаж эхлэх үедээ ажилтнуудын эзэмшиж байсан актив хөрөнгийн жишиг үнийг тусгадаг.
Баасан гарагийн орой нийтлэгдсэн мэдээлэлд Ерөнхийлөгч Д.Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс нарын хөрөнгө орлогын талаарх мэдээллийг оруулаагүй байна.
Ж.Кушнерийн ХОМ-т дурдсанаар, Иванка Трампын хувцас, үнэртэн үйлдвэрлэлийн бизнесийн хэмжээ нь 50 сая доллар, “Trump International Hotel”-д түүний эзэмшдэг хувь нь 5-25 сая доллароор үнэлэгдэж байгаа ажээ. Иванка Трамп өөрөө хөрөнгө орлогоо нийтлээгүй байга учир нь, тэрбээр саяхнаас Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж эхэлсэн билээ.
Ж.Кушнерын мэдүүлэг нь 54 хуудастай ба уг баримт бичигт Ж.Кушнер, Иванка Трамп нарын 2016 он болон 2017 оны орлого нь 195 сая доллар болсныг дурдсдан байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер хэлэхдээ, Цагаан ордонд ажилд орохын тулд баян чинээлэг ажилтнууд олон актив хөрөнгөөсөө татгалзахад хүрсэн гэж онцлон дурджээ.
Д.Трампын засаг захиргаа нь Америкийн түүхэн дэх хамгийн баян чинээлэг засаг захиргаа болж байна гэж “Financial Times” сонинд онцолсон байна. Ажилтнууд өөрсдөө актив хөрөнгийнхөө жишиг үнийг дурдан заадаг ч харин актив хөрөнгийнхөө хэмжээг үнэлэх аргачлалыг тайлбарладаггүй аж.
Энэ мэдээллийг нийтлэхийн өмнө Цагаан ордны хэвлэлийн алба эдгээр баримтуудад ажилтнуудын ажилд орох үедээ эзэмшиж байсан хөрөнгийг заасан болохоос бус тэдний одоо эзэмшиж буй активыг тусгаагүй гэж тодотгожээ.
Ш.Спайсер өөрөө Бүгд найрамдах намын Үндэсний хорооны стратегийн асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж байхдаа 250 мянган долларын цалин авдаг байжээ. Мөн тэрбээр хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байна.
О.Барс