Завханы зарим сумын эмнэлэгт түргэн тусламжийн машин олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-31 21:01:57

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллаж буйг урьд нь мэдээлсэн билээ. Тэрээр тойрогтоо ажиллаж буй үеэрээ аймгийн нэр бүхий сумдын эмнэлэгт автомашин олгож буйг дуулгалаа.

УИХ-ын гишүүн тойргийнхоо иргэдтэй уулзахаас гадна салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцож байгаа билээ. Улиастай сумд ажиллах үеэрээ аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдтэй уулзжээ. Уулзалтын үеэр УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчилж, сонгогчиддоо ажлын тайлангаа тавьсанаас гадна хаврын чуулганаар хэлэлцэх Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөрийн хууль, Үндсэн хуулийн төсөл, Төсвийн тодотголын талаар иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо. Мөн тойргоос сонгогдсон гишүүний хувьд аймгийн хэмжээнд цаашид анхаарч, шийдвэрлэн хийх ажлуудын талаар чухалчлан ярилцав. Завхан аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт анхаарч ажиллах хэд хэдэн чухал асуудал байгаа бөгөөд ялангуяа хавдарын өвчлөлийн хэмжээ улсын дунджаас өндөр, нийт эмнэлгийн нас баралтын 48 хувийг эзэлж байгаа ажээ. Өвчлөл өндөр байгаа нь ундны усны бүтэц, хөрсний бохирдол, хувь хүмүүсийн амьдралын хэв маяг зэрэг олон зүйлээс хамаардаг тул шалтгааныг нь судлах ажлыг эхлүүлж, хавдрын хөнгөвчлөх үйлчилгээний тасагт шаардлагатай байгаа тоног, төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаж байгаад нь эмнэлгийнхэн УИХ-ын гишүүнд талархаж байгаагаа илэрхийллээ. Харин Эрүүл мэндийн яамны зүгээс аймгийн хэмжээнд тулгамдаж байсан эмнэлгийн түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдэж, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Их уул, Баянхайрхан, Алдархаан, Эрдэнэхайрхан зэрэг сумдад түргэн тусламжийн автомашин өгөхөөр шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн дуулгав. Түргэн тусламжийн автомашинтай болно гэдэг хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх хамгийн эхний бөгөөд чухал зүйл юм хэмээн эрүүл мэндийн салбарынхан  баяртай мэдээ дуулгасанд нь талархал илэрхийлж байв.

Б.Мягмарсүрэн

Related news