“Ном уншицгаая “ бүх нийтийн хөдөлгөөн маргааш нээлтээ хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн нийтийн номын сан нь 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө “Ном уншицгаая“ хөдөлгөөнийг өрнүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү ажлыг нь тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба дэмжин мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөнөөр аймгийн бүх сумдыг хамарсан өргөн үйл ажиллагаа болж, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэгэн зэрэг нэг цагт нээлтийн үйл ажиллагаагаа хийх гэж байна.
"Ном уншицгаая хөдөлгөөний гол зорилго нь ард иргэд, хүүхэд залуучууд, төрийн албан хаагчдыг номтой нөхөрлөн, хэрэгтэй мэдлэг мэдээллийг авч, оюун санааны болон сэтгэлийн тайтгарлыг олж, номын их ертөнцөөр аялуулахад оршиж байгаа" хэмээн Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн нийтийн номын сангийн эрхлэгч П.Эрдэнэчимэг ярьлаа.
Үйл ажиллагааны нээлтэнд Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит уран зохиол соёл урлагийн “Залуу нас“ сонингийн уран бүтээлч, хайрын яруу найргийн “Цагаан уул“ наадмын тэргүүн байрын шагналт Н.Минжинсайхан, Болор цом” наадмын дэд байрын шагналт О.Цэнд-Аюуш, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч М.Гантулга, “Хөх бичиг“ бичиг соёлын академийн тэргүүн, яруу найрагч Г.Мөнхбаатар нар хүрэлцэн ирж, уран бүтээлээсээ Хэнтийчүүдэд хүргэхээс гадна шинэ бүтээлээрээ үзэсгэлэн худалдаа гаргах аж.
Д.Одонтунгалаг