Баянтэс сумын хүүхдийн дотуур байрыг хичээлийн байр болгож өргөтгөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-28 00:11:21

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Баянтэс сумын 75 хүүхдийн дотуур байрыг 220 хүүхдийн хичээлийн байр болгон өргөтгөөд байна.

Ус, тог цахилгаан, дулааны эрчим хүчээ хэмнэх нь бидний зайлшгүй хийх нэн тэргүүний үйлдэл болоод байна. Барилга байгууламжийн дулаан алдагдлын ихэнх хувь нь цонх, хана,  дээвэр, шал зэрэг хаших бүтцээрээ алдагддаг гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Гэвч үүнийг эдийн засгийн үр ашигтай аргаар шийдвэрлэх арга замыг оновчтой хэрэгжүүлж чадаагүйгээс ашиггүй зардал гарч саяхныг хүртэл төдийлөн үр дүнд хүрэх боломжгүй байжээ. Тэгвэл Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн  Эрчим хүчний үр ашиг төсөл энэ удаад  Баянтэс сумын 75 хүүхдийн дотуур байрыг 220 хүүхдийн хичээлийн байр болгон засвар шинэчлэлийн ажлыг хийжээ. Засвар шинэчлэлийн ажил нь нийт 689 сая төгрөгийн санхүүжилттэй.

Баянтэс сумын ОНХС-аас 60 саяыг, аймгийн ОНХС-аас 100 саяыг, үлдсэн  529 сая төгрөгийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн  Эрчим хүчний үр ашиг төслөөс санхүүжүүлсэн байна. Иргэд ОНХС-ийн хөрөнгийг төсөвлөх, төлөвлөх үйл явцад саналаа өгөх байдлаар оролцож сумынхаа хөгжил дэвшлийн төлөө ирээдүйгээ харсан томоохон хөрөнгө оруулалтын ажил хийж болдгийн нэг жишээ нь энэ боллоо хэмээн орон нутгийн удирдлагууд мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Related news