Хот хоорондын зорчигч тээврийг түр хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-22 18:03:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Үргэлжлэн орж буй цастай холбогдуулан Баянхонгор аймгийн Онцгой комисс хуралдаж, энэ сарын 22-24-ний өдрийн 09.00 цаг хүртэл хот хооронд болон хөдөө орон нутагт /сумууд руу/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатараас Ховд чиглэл, Баян-Өлгийгөөс Улаанбаатар чиглэлд явж байсан хоёр автобусны 100 шахам хүн Баянхонгор аймагт саатаад байна. Зорчигч хөдөлгөөнийг нээх хүртэл тус автобуснууд болон аймгийн хуваарьт автобуснуудыг явуулахгүй байхаар болжээ.

Энэ сарын 24-нийг хүртэлх хугацаанд Улаанбаатар явахаар Автотээврийн газарт билет бичүүлсэн байсан хүмүүс буцаалт хийлгэхэд ямар нэгэн шимтгэлгүй үйлчилж байгаа бөгөөд буцаагаагүй тохиолдолд зам нээснээс хойшхи хугацаанд тус билетээрээ зорчиж болох юм байна.

                                                                                                                       Б.Мөнхзул

Related news