Өнгөт чулуу түүдэг орчинд байнгын эргүүл ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬБайгалийн өнгөт чулуу түүж худалдан борлуулах хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тухай шийдвэрийг аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид гаргаж, Тагнуулын хэлтэс, Цагдаа, Мэргэжлийн хяналт, БОАЖ- ын газарт үүрэг болгоод багагүй хугацаа өнгөрч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар өнгөт чулуу ихээр түүж байгаа Дэлгэрцогт сумын нутагт байнгын хяналт тавих үүрэгтэйгээр дээрхи байгууллагуудын алба хаагчид ээлжлэн ажиллаж байна.
Эхний удаад гэр барьж төрийн албан хаагчдыг байршуулсан бөгөөд хоёр хоног тутамд ээлж солигдох маягаар хяналтыг үргэлжлүүлж байгаа гэдгийг Цагдаагийн газрын дарга Л. Гүндсүрэн хэллээ.
Гэхдээ энэ байдлаар эргүүл хяналтыг удаан үргэлжлүүлэхгүй. Өвлийн хүйтэн эхэлж байгаа учраас хяналтыг өөр оновчтой хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Одоогоор батлагдаж шийдэгдсэн зүйлгүй байна гэж Тагнуулын хэлтсийн дарга Б. Баярсайхан тодотгосон юм.
Өнгөт чулуу түүх явдал таван жил гаруй үргэлжилж байгаа бөгөөд энэ үйлдлийг Цагдаагийн байгууллага удаа дараа зогсоож байсан ч нууц далд байдлаар үргэлжилж, хүрээгээ тэлсээр эцэст нь их хэмжээний бэлчээрийг сэндийлж сүйтгэсэн байна. Дээрхи байгууллагууд хамтран зөвхөн чулуу түүж бэлддэг иргэд төдийгүй түүнийг худалдан авч, цааш дамнуулан худалддаг иргэдийн үйл ажиллагааг ч таслан зогсоохоор ажиллаж байгаа ажээ.
Дундговь Т. Отгонтуяа
Related news

