“Бидний цөөхөн Монголчууд” төсөл Мөрөн суманд эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Мөнхчулуун сангаас монгол орноо тойрон 21-р зууны эхэн үеийн монголчуудын байгаа байдлыг дүрс болон зургаар түүх болгон үлдээх зорилготой “Бидний цөөхөн Монголчууд” төслийг Хөвсгөл аймгийн Ханх сумаас эхлээд 20 хонож байгаа бөгөөд төслийн багийнхан өнөөдрөөс Мөрөн суманд ажиллаж эхэллээ.
Энэ үеэр Мөрөн сумын баг бүрт хүрч үйлчлэх ба монгол ёс заншил, өв соёл жирийн нэгэн эгэл баатруудын тухай нэвтрүүлэг бэлтгэж гэрэл зургийн хальснаа үлдээх аж. Төслийн багийн хамт олон монгол орны 550 нэгж, 400 орчим сум сууринд хүрч очиж нэвтрүүлэг баримтат киног бүтээх ба энэ сарын хоёрноос эхлэн Хөвсгөл аймгийн Ханх, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур, Баянзүрх зэрэг сумдад ажиллах үеэр тайгын иргэдийн эрүүл мэндийн төлөө 30 гаруй жил ажиллаж байгаа хүний эмч Ганбатын тухай “Тайгын доктор”, Хорьдол Сарьдагийн оройгоор хийдэг их нүүдлийн тухай зэрэг хоёр баримтат кино бүтээж байгаа гэнэ. Тус багийн хамт олон хоймор нутгаас 48 нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн бөгөөд уран бүтээлүүдийг ирэх 9 сарын сүүлээр Монголын үндэсний телевизээр үзэгчдэд хүргэх ажээ.
Б.Гантуяа