Улсын аварга малчин долоон өрхийг 2350 толгой малтай болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-21 14:37:38

Хэнтий /МОНЦАМЭ/. Энэ жил Хэнтий аймгаас “Улсын аварга малчин” тав төрсний нэг нь Биндэр сумаас тодорсон “Улсын аварга малчин” Гэндэнгийн Сүхбаатар юм.

Тэрбээр 1979-1990 онд бригадын тоо бүртгэгч, хэсгийн ахлагч, бригадын даргаар ажиллаж байгаад 1990 оноос одоог хүртэл мал аж ахуйн үйлдвэрлэлд тасралтгүй 27 жил хөдөлмөрлөж байгаа аж. Эднийх жил дараалан мал сүргээ өсгөн үржүүлж, 100 эхээс 100-108 хувиар төл бойжуулсанаар 2016 оны эцэст 5510 толгой малтай болж, сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жинг бод малд 40-41 хувь, бог малд 50-52 хувьд хүргэж, үржлийн албаар баталгаажсан 201 толгой хээлтүүлэгчээр хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлэн ажилласан байна.

Мөн төллөсөн эх малаа саалинд бүрэн хамруулж 19,5-27,0 мянган литр сүү сааж зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж ажилласан бөгөөд сүүлийн 3 жилд цөөн болон огт малгүй 7 өрхийг 2350 толгой малаар малжуулахын зэрэгцээ мал маллах арга ухааныг залуу малчдад зааж сурган хоёр шавь малчинтай болжээ.

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 2002 онд Аймгийн манлай мянгат малчин, 2005 онд "Хөдөлмөрийн хүндэт" медаль, 2010 онд “Аймгийн сайн малчин", 2013 онд ХХААЯамны тэргүүний ажилтан, аймгийн алдарт уяач, 2015, 2016 онд аймгийн “Хамгийн олон хоньтой малчин”-аар тус тус шагнажээ.

Д.Одонтунгалаг

Related news