Майдар эргэх ёслолын хурдан морины уралдааны үеэр гурван хүүхэд гэмтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2017-03-21 11:02:24

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд хурдан морины уралдааныг 2017 оны 03 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 01-нийг хүртэл зохион байгуулахыг хориглосон Засаг даргын захирамж гарсан юм. 

Гэтэл  Ховд аймгийн “Алтайн унага” морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар тогтоолын дагуу хаврын зүүн бүсийн хурдан морины уралдааныг Чандмань суманд 03 дугаар сарын 15-нд  Чандмань сумын хамтарсан баг, Хос унага морин спорт уяачдын салбар холбоотой хамтран зохион байгуулжээ.  

Уралдааны үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, хяналт тавьж ажилласан байна.

Унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалж, Аймгийн засаг даргын захирамж   гарсаар байтал хаа сайгүй Майдар залах ёслол, уул овоо тахих нэрээр морины уралдаан зохион байгуулж,аймгийн засаг даргын гаргасан захирамж зөрчигдөж, унаач хүүхдийн эрх ашиг,эрүүл мэнд хохирсон харамсалтай тохиолдлууд гарсаар байна.

Хаврын сар гарсаар тус аймагт  морины уралдаанд 85 хүүхэд оролцож, Ховд аймгийн гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд унаач  хүүхдийн даатгал, аюулгүй байдалд хяналт тавьж ажилласан хэдий ч гурван хүүхэд  гэмтэл авсан таагүй мэдээ байна.

Тухайлбал Ховд аймгийн Дөргөн суманд Майдар эргэх ёслолын үеэр зөвшөөрөлгүй морины уралдаан зохион байгуулснаас үүдэн 11 настай унаач хүү морины барианд орж ирээд унаж, толгойдоо хүнд гэмтэл  авч, аймгийн эмнэлэгт эмчлүүлж байна. Түүнээс гадна хоёр  ч хүүхэд мориноос унаж толгойдоо гэмтэл авч эмчлүүлж байна. Эдгээр гэмтэл авсан хүүхдүүдэд  хамгаалалтын хувцас өмсүүлээгүй байжээ.

Улс орны хэмжээнд хаврын морины уралдааныг хорьж, уралдаанч хүүхдийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах шийдвэр гарсаар байтал, аймаг, сумын уяачдын холбоо, уяачид хурдан морио өвс, тэжээлээр тордож, мориндоо хүнээс илүү анхаарал тавьж, машинд ачиж энд тэндгүй уралдуулж, хууль зөрчиж, унаач хүүхдийн амь нас эрүүл мэндийг үл огоор ч байгаа нь дэндүү эмгэнэлтэй байна.

       А.Бямбасүрэн

 

Related news