Хэнтий аймгийн "Оны алдартан" оюуны спортод хөрөнгө оруулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Гал бичин жилийн "Оны 9 алдартан"-д бизнесийн салбарт нэр дэвшин манлайлсан Б.Зоригтбаатар оюуны спортыг дэмжиж, “Дүүрэн богц” шатрын нээлттэй тэмцээнийг ивээн тэтгэж зохион байгуулжээ.
Тэрбээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Хэнтий аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн 7 хоног тутмын тогтмол хэвлэл Хэнтийн мэдээ сониноос зохион байгуулсан "Оны 9 алдартан" шалгаруулах арга хэмжээнд амжилт үзүүлсэндээ сэтгэгдэл өндөр байна. Иймээс өөрийн амжилтаа хуваалцаж, оюуны спортыг дэмжиж "Дүүрэнбогц" компанийнхаа нэрэмжит шатрын тэмцээнийг зохион байгуулж байна. Цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгоно" гэв.
Тус тэмцээнийг аймгийн Биеийн Тамир Спортын газар, Шатрын зөвлөл, “Цод мад” клуб хамтран зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын зарим шатрын клубууд болон Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нийт 145 тамирчин оролцсоноос дэд мастер 5, рейтингтэй 47 тамирчин тогложээ. Үүнээс өсвөрийн 3 насны эрэгтэй, эмэгтэй ангилалд нийт 88 тамирчин, насанд хүрэгчдийн холимог ангилалд 57 тамирчин оюун ухаанаа уралдуулсан байна.
Тэмцээний үеэр Хэнтий аймгийн Биеийн Тамир Спортын газраас Б.Зоригбаатарт хүндэтгэл үзүүлэн, спортын салбарт хувь нэмрээ оруулж яваа зүтгэлтнүүдэд олгодог Монголын Үндэсний Олимпийн хорооны Алтан медалиар шагнаж алдаршууллаа.
Д.Одонтунгалаг