Жонан Ханчэн гэгээнтэн нутагтаа айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-10 21:35:46

Хэнтий /МОНЦАМЭ/. Шинийн арван хоёрны билэгт сайн өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Халхын есдүгээр богдын тодруулсан Жонан Ханчэн гэгээн, Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Монгол улсын Шадар сайдын зөвлөх М.Батбаярын хамт Хэнтий нутагтаа айлчиллаа.

Энэ үеэр 18 давхар Чингис цамхагт байрлах ёслол хүндэтгэлийн өргөөнд тус аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн болон төрийн байгууллагын удирдлагууд гэгээнтэнд бараалхан золгож, “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилдээ нутгаа даатган даллага авахуулж, адис хүртлээ.

Дараа нь Жонан Ханчэн гэгээнтэн Гүндүгаварлин, Шадавдаржаалин хийдээр зочилж, сүсэгтэн олонд зориулан ном айлдаж, адис хүртээв.

Хан Хэнтийчүүд өнгөрөгч оны намар Жонан Ханчэн гэгээнээ сэнтийд нь залж, Бат-Оршил өргөх ёслолыг зохион байгуулсан юм. 

Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий нутгаас төрөн гарсан хутагт хувилгаад тун цөөхөн бөгөөд хамгийн сүүлд 2007 онд Өмнөдэлгэр сумаас гаралтай бурханы шашны гол урсгалуудын нэг Жонангийн ёсны 14 их хамбын нэг Жамъяан Гончиг Бал Самбуу ламын хойд дүрээр Гантөмөр хэмээх хүү тодорч өдгөө Жонан Ханчэн Гэгээн хэмээн олон түмнээ алдаршсан юм. 

Тэрбээр Энэтхэг улсын Гоман дацанд 2003 оноос хойш одоог хүртэл шавилан сууж, бурханы ном үзэж, Чойрын гүн ухаан судалж, Авид Дарамын сүүлийн Гаарамба Ог зиндаанд суралцаж байгаа билээ.

Жонан Ханчэн Гэгээний өвөө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Гатан овогтой Гомбо гэдэг лам байсан ба Мандлын хүрээ, мөн Хүүхэн хутагтын хажууд шавилан суудаг байсан аж. Шашин хаагдаж, сумандаа монгол хэл бичгийн багш хийж байгаад ээжтэйгээ Улаанбаатар хотноо ирж суурьшсан байна. 1990 оноос хойш бурханы шашиныг шүтэх, бишрэх эрх чөлөө дахин сэргэснээр хийдэд шавилан сууж ном буяныг ихээр үйлдсэн буянтай дээдэс байжээ. Тэрбээр 5 хүүхэдтэй ба хамгийн бага охин Цэрэндэжидийн хүү Гантөмөр 1987 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр мэндэлсэн юм.

Д.Одонтунгалаг

Related news