АИХ-ын депутат асан С.Ганболд ахмадын улсын аваргаас алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-10 12:04:31

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат, жүдо бөхийн багш дасгалжуулагч  Сандуйн Ганболд нь энэ сарын 9-ны өдөр зохион байгуулагдсан “Гранд мастер 2017” Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд М-7 (60 -с дээш насны) ангилалд 73 кг-д барилдаж, түрүүлэн алтан медаль хүртжээ.

Ахмадын улсын аварга шалгаруулах тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд 200 гаруй тамирчид оролцсоноос 73 кг-д дөрвөн тамирчин тойргоор барилдаж, С.Ганболд жиндээ нэг ч ялагдал хүлээлгүй аваргалжээ.
Тэрбээр 1978 онд Москвагийн Динома хэмээх том клубын дэвжээн дээр зодоглож байснаас хойш 40 жилийн дараа Монгол Улсынхаа жүдо бөхийн татами дээр анх удаа зодоглож, ийнхүү түрүүлсэн байна. 
Түүний бэлтгэсэн шавь нарынх нь амжилтаас товч дурдвал УАШТ-ээс алт-5, мөнгө-5, хүрэл-13, Өсвөрийн Дэлхийн аваргад хоёр шавь нь оролцож 7-р байр, Өсвөрийн Азийн аваргаас 5-р байр, аймаг, бүсийн чанартай тэмцээнээс 200 гаруй медаль, нэрэмжит тэмцээнээс 20-иод медаль тус тус хүртэж байжээ.
С.Ганболд нь ЗХУ-ын нийслэл Москва хотод “Моссоветын нэрэмжит ХЦДС-ийг 1978 онд төгссөн. 1989-1991 онд төрөлх Баян-Овоо сумандаа ҮЭ-ийн зөвлөлийн даргын ажил хийж байх үедээ 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдон Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан юм. Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль, Багшийн алдар медаль, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, АХ-ын 90 жилийн ойн медаль, 2012 онд Алтан гадас одонгоор шагнуулсан нэгэн юм.

Тэрбээр энэ жил 61 насны сүүдэр зооглож буй.

Д.Одонтунгалаг

Related news