Б.Алтансарнай: Орхон сум төвийн бүсийн хэмжээний томоохон үйлдвэртэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнайтай ярилцлаа.
-Өвлийн ид хүйтэн харьж хавар болж байна. Сумын цаг үеийн ажил юунд чиглэгдэж байна вэ?
-Сумын ИТХ, ЗДТГ-аас ажлын хэсэг гарч мал төллөх үеийг тохиолдуулж “Малчдад туслах аян” өрнүүлж цугларсан малын тэжээл, бараа материалыг малчдад цагаан сарын өмнө хүргэж тойрч эргээд ирлээ. Энэ ажилд сумын төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага иргэд иргэд идэвхтэй оролцож хандив тусламж өрсөнд нийт малчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа манай сумын 205 малчин өрхөд гурил, эм бэлдмэл бүхий аптек, мэндчилгээ ирүүлсэнийг сумын Засаг даргын ахалсан ажлын хэсэг малчиддаа хүргэлээ.
-Орхон сум урьд нь бас нэг эмэгтэй даргатай байсан. Та хоёр дахь эмэгтэй Засаг дарга боллоо. Сумын Засаг даргаар томилогдоод ажлаа юунаас анх эхэлсэн бэ?
-Ажил авсан даруйд малчдынхаа өвөлжилтийн байдал, нийгмийн асуудал, өвс тэжээлийн хүрэлцээ хангамжийн судалгааг яаравчлан гаргуулж эхний ээлжинд ямар арга хэмжээ авч ажиллах вэ? гэдгээ тодорхойлсон. Манай суманд өвөлжилт нэлээд хүндэрч зарим малчин, мал бүхий өрхийн амьдралд нөлөөлсөн учраас хамгийн түрүүнд энэ ажлаас эхэлсэн хэрэг. Мэдээж 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах зэрэгт анхаарлаа хандуулж сумын иргэдээс саналыг нь авч нэгтгэн аймгийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны зорилт, Сумын хөгжлийн хөтөлбөр бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдуулан боловсруулж ИТХ-ын Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж ажлаа эхлүүлээд ажиллаж байна.
-Өвөлжилт хүндхэн болсон гэж та хэллээ. Энэ жил хэчнээн толгой мал тоолуулав? Одоогийн байдлаар хаваржилт ямар байна вэ?
-Сумын нийт нутаг дэвсгэр цагаан зудтай өвөлжлөө. Хэдийгээр хаврын урь орж байгаа ч хэт их зузаан орсон цас ханзрах яагаа ч үгүй байна. Өвөлжилтийн бэлтгэлийн хувьд өнгөрсөн намар манайх урьд жилүүдийнхтэй адил хангаж ажилласан. Нийтдээ 7000 гаруй тн хадлан, мөн хүчит тэжээл, хивэг дарш зэргийг бэлтгэсэн авсан ч цас их эрт орж аравдугаар сар гэхэд нийт нутагт цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас малчид төлөвлөсөнөөс эрт малаа тэжээлд оруулсан л даа. Иймээс манай сумын өвс тэжээлийн нөөц нэг сараар дутагдаж эхэлсэн байгаа. Зарим малчид өвсөө бүрэн татаж амжилгүй цасанд даруулж зам даваа хаагдсан зэрэг бэрхшээл үүссэн. Сумын хэмжээнд нийт 41.1 мянган толгой мал тоолуулж мал сүргээ 3452 толгойгоор буюу таван төрлөөр нь өсгөсөн амжилттай байна. Мөн 1288 зөгийн бүл тоологдсон. Одоо бол мал ид төллөж байна. Малчдын хаваржилтийн байдалтай газар дээр нь танилцах зорилгоор аймгийн ОБГ-ын ажлын хэсэг манай суманд хоёр удаа, бас зам даваа гаргах ажлаар хоёр хоног, аймгийн Засаг даргын орлогч Г.Ганболдын ахалсан ажлын хэсэг нэг өдөр ажиллаж энэ үеэр аймгийн аюулгүйн нөөцийн өвснөөс 300 боодол өвс, төлийн бэлтгэлийг 25 малчин өрхөд хүргэсэн. Аймгийн аюулгүйн нөөцөөс суманд хуваарилсан 1000 боодол өвсийг сумын 22 малчин, мал бүхий өрхөд олголоо.
-Энэ өвлийн цас танай суманд хамгийн их зузаан орсон гэж байсан. Зам даваа байн байн хаагдаж байсан гэсэн. Хаанаас ямар туслалцаа авч нээж байсан бэ?
-Зам даваа гаргах ажилд хамтарч ажилласан аймгийн Онцгой Байдлыг газрын дарга, албан хаагчид, Зэвсэгт Хүчний 330 дугаар ангийн хамт олонд талархаж байна. Сумын Засаг даргын ахалсан ажлын хэсэг малчин өрхийн өвөлжилттэй өнгөрсөн саруудад тогтмол ажилласан. Энэ үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон бусад төрийн үйлчилгээг малчин өрх бүрт хүргэсэн. Мөн цас их орж шуурснаас болж сумын 17 чиглэлд зам даваа хаагдсаны улмаас 174 малчин өрхийн 524 иргэн нийт 15727 толгой мал цасанд боогдсоныг аймаг, сумын онцгой комисс, аймгийн ЗДТГ-ын Цэргийн хэлтэс, Зэвсэгт Хүчний 330 дугаар анги хамтарч сумын 17 чиглэлийн 443 км замыг нээх ажлыг зохион байгууллаа. Энэ ажилд аймгийн Засаг дарга нөөц сангаасаа бүх зардлыг нь гаргаж тусалсан л даа. Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс өвөлжилтийн ажилд 1,5 сая төгрөг зарцуулсан. Мөн цас их орж төв замд хальтиргаа гулгаа үүсч гараар цэвэрлэх боломжгүй болсон замуудад авто ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор замын мөстсөн хэсэгт зориулалтын давс, бодис цацах ажлыг зохион байгууллаа.
-Сар шинийн баяраар танай сумаас “Улсын аварга тариаланч” төрлөө. Сумын Засаг даргын хувьд бахархан суугаа байх даа?
-Баяртай байлгүй яах вэ. Манайх чинь Монгол Улсын таван удаагийн “Улсын тэргүүний тариаланч” сум шүү дээ. Улсынхаа хүнсний ногооны 10-15 хувийг дангаараа хангаж эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуйг хослуулан хөгжүүлж ирсэн юм чинь. Үүний баталгаа нь болж манай сумын иргэн Б.Жаргалсайхан “Улсын аварга тариаланч”-аар шалгарсан шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийн гараар гардуулсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Орхончууд жинхэнэ гарын арван хуруу, ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимээр амьдарч яваа ажилсаг хөдөлмөрч ард түмэн гэж би хэлэх дуртай л даа. Ирэх 2018 онд манай Орхон сум байгуулагдсаны 50 жилийн ой тохионо. Хагас зуун жилийн түүхтэй манай сумаас газар тариалангийн салбарын 20 гаруй Улсын аварга төрсөн нь бидний бахархал юм даа.
-Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж батлуулжээ. Ногоочид, тариаланчдаа хэрхэн дэмжиж ажиллах вэ?
-Он гараад сумын ИТХ-аар Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг найман бүлэг, таван дэд бүлэг, 59 зорилт, 131 арга хэмжээ төлөвлөж 2017 онд сумын Нийгэм, Эдийн засгийг хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх хоёр зорилт 16 арга хэмжээний төлөвлөгөөг батлууллаа. Энэ ажлын голлох чиглэл нь газар тариалангийн салбар байх юм. Өөрөөр хэлбэл “Орхон-Газар шим” төслийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх зорилго дэвшүүлж хүнсний ногооны таримлын нэр төрөл сортыг олшруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өрхийн тариалангийн гар ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор бага, дунд оврын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлнэ. Үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг баталгааны тэмдэгтэй болгоно. Мөн эртийн ургац авах зорилгоор зоорь, хүлэмжийн аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр хөтөлбөртөө тусгасан. Солонгос улсын Кёнги аймгийн төлөөлөгчдийг сумандаа хүлээн авч өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах болон ХАА-н чиглэлээр 30.0 сая вонны төсөл хэрэгжүүлэх талаар цаашид хамтарч ажиллахаар харилцан санал солилцсон. Энэхүү төслийг бүрэн хэрэгжихэд нь анхаарна. БНСУ-ын Кёнги аймгийн хөрөнгө оруулалт, аймгийн Засаг даргын шийдвэрээр ЭМТ-д тусгай зориулалтын түргэн тусламжийн машиныг ашиглалтад хүлээн авсныг та бүхэн санаж байгаа байх аа.
-“Орхон кластер” төсөл хэрэгжих тухай яригдаж байгаа. Төслийг хэрэгжүүлэх санаачилга танай сумаас гарсан. Орхончуудын давуу тал нь юу байна вэ?
-Ерөнхий Сайдыг манай суманд ажиллах үеэр хүнсний ногоог дахин боловсруулах “Орхон кластер” төслийг хэрэгжүүлж орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх саналыг тавьсан маань дэмжигдсэн. Уг төслийг зөвхөн сумын хэмжээнд биш төвийн бүсийн хэмжээнд томоохон төсөл болгож хэрэгжүүлэх шийдвэр гарсан учир бэлтгэл ажлаа хангаад явж байна. Манай сумынханы голлож тариалдаг хүнсний ногоо нь лууван. “Орхон кластер” үйлдвэр байгуулагдсанаар луувангийн шүүс, нухаш зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр ногооны маань үнийн уналт харьцангуй тогтворжино. Өнгөрсөн намар өндөр ургац хураан авсан ч ногооны үнэ хямд байснаас болж зардлаа нөхөж чадахгүйд хүрч байсан юм. Үүнийг л зохицуулах үүднээс кластер үйлдвэр байгуулж үнийн уналтыг зохицуулах боломж бий болно гэж харж байгаа. “Ногооны үнийн асуудлыг зохицуулж өгөөч” гэдэг санал иргэдээс байнга ирдэг болохоор үүнд гол анхаарлаа хандуулсан юм. Жишээ нь томоохон захуудтай гэрээ байгуулъя гэж бодож байгаа, тэгвэл ченжүүдийн газар дээрээс нь хямдхан авдаг ногоог захад арай өндөр үнээр өгөх боломжтой болно. Өнгөрсөн жилийн хувьд сумын удирдлагууд аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтарч аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Хадбаатарын санаачилгаар Сэлэнгэ-Дарханы чиглэлийн засмал зам дагуу “Орхон хаалга”-ны дэргэд хүнсний ногоо худалдан борлуулах павилионыг 10 сая төгрөгөөр гүйцэтгүүлж ашиглалтад хүлээн авсан. Мөн сумын Засаг даргын нөөцөөс хөрөнгө гаргаж зөөврийн гурван жижиг павилион хийлгэсэн зэргээр тариаланчдынхаа гаргасан санал хүсэлтийг эхнээс нь шийдвэрлээд явж байна. Манай суманд газар тариалан эрхэлж хүнсний ногоо тарьдаг 1000 гаруй иргэн, 50 гаруй аж ахуйн нэгж байдаг бол малчин, мал аж ахуйн чиглэлээр ажилладаг 474 иргэн байна.
-Сумын хэмжээнд ажилгүйдэл ер нь ямар төвшинд байна вэ?
-Манай сум их онцлогтой л доо. Ажилгүй иргэд ч бий, гэхдээ тэд бүгдээрээ өрхийн үйлдвэрлэгчид юм. Тэд тодорхой хэмжээгээр өрхийн үйлдвэрлэлээ эрхэлж хашаандаа хүнсний ногоогоо тариад амьжиргаандаа зарцуулж байна. Сумын хэмжээнд 2016 онд гэхэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хоёр, “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд долоо, нийт есөн төсөлд 31.8 сая төгрөгийн зээлийг 50 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгож 14 ажлын байр, “Жижиг, дунд үйлдвэрлэл”-ийг дэмжих сангаас найман иргэний 43.5 сая төгрөгийн төсөл дэмжигдэж 20 ажлын байр, “Сум хөгжүүлэх сан”-гаас нэг аж ахуйн нэгж, гурван иргэнд 26.5 сая төгрөгийн төслийг санхүүжүүлж түр ажлын байр 20, байнгын ажлын байр тав, нийтийг хамарсан хоёр ажил зохион байгуулж 58 иргэнийг түр ажлын байраар тус тус хангаж нийт байнгын ажлын байранд 39 иргэн, түр ажлын байраар 78 иргэнийг хангасан дүн мэдээ байна.
-Хаврын тариалалт эхлэх дөхөж байна бэлтгэл ажил хангагдсан уу?. Энэ хавар хэчнээн га-д тариалалт хийх вэ?
-Энэ жил 1400 га-д хүнсний ногоо тариална. Мөн орхигдсон талбайг эргэлтэд оруулахаар төлөвлөж эхний ээлжинд хөрснөөс нь дээж шинжилгээ аваад хөрсөн дэх шим тэжээлийн дутагдал хэдэн хувьтай байгааг тогтоохоор ажиллаж байна. Үүнд үндэслэн хөрсийг бордох үржил шимийг нь сайжруулах чадвартай, Орхон сумын иргэд тус суманд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүддээ хуваарилж олгох чиглэл барьж байгаа. Ингэхээр тариалангийн талбайн хэмжээг маань нэмэгдэнэ гэсэн үг. Мөн хаврын тариалалтад шаардлагатай байгаа үрийн судалгааг гаргасан байгаа. Манайд үр зардаг ганцхан аж ахуйн нэгж байдаг учраас ажлыг нь сайжруулж төрөөс хамтарч ажиллахын тулд дэмжлэг үзүүлнэ. Цаашид шаардлагатай байгаа үрийнхээ захиалгыг хүргүүлье, бусад эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч болох ямар нөхцөл байна вэ гэдгийг судалж байгаа. Мөн 2017 ондоо газар тариалангийн үйлдвэрлэлд баримтлах бодлого чиглэлээ тодорхойлж тариаланчдынхаа зөвлөгөөнөө өргөтгөж шинэлэг байдлаар хэлэлцэж шийдвэрлэх зэргээр санаж сэдсэн ажлууд их байгаа.
-Бүтээн байгуулалт гэснээс энэ жил ОНХС-аар ямар ажил хийгдэх вэ?
-Монгол Улсын эдийн засаг хүндхэн байдалтайгаар үргэлжилж байна. Үүнээс үүдэн манай сумын ОНХС-д 2017 онд 27 сая төгрөг төсөвт суугдсанаас урьд онд суманд тавигдсан интернэтийн тавилтын төлбөрт 21 саяыг шилжүүлнэ. Таван сая төгрөг нь баяр наадмын арга хэмжээнд, үлдсэн нэг сая гаруй төгрөг нь сумын төвийн “Шар дэрс”-ний гэр хорооллын гэрэлтүүлгийн өнгөрсөн оны засварын төлбөрт өгөх юм. Ерөнхийдөө энэ онд ОНХС-гийн хөрөнгөөр суманд хийгдэх ажлын хөрөнгө байхгүй. Гэхдээ бид байхгүй, төсөвгүй гээд зүгээр суулгүй өөр ямар боломж байна, боломжтой эх үүсвэрийг бүгдийг нь судалж хайж байгаа. Ямар ч байсан сумандаа бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж төлөвлөж сууна. Нэг зүйлийг онцлоход “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар “Орхон сумын 2015-2030 он хүртэлх хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулах ажлыг ШУТИС-ийн Дархан-Уул дахь Технологийн Их сургуулийн профессорын баг 6.0 сая төгрөгөөр хийж 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгч, сумын ИТХ-ын зургадугаар хуралдаанаар хэлэлцэж баталсан. Тэгэхээр энэхүү хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд сум орон нутгийн бүтээн байгуулалтад өнгө нэмсэн ажил нэгийг ч болтугай хийнэ. 2016 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар сумын “Орхон тохижилт” ОНӨААТҮГ-ын автомашины гараашийн барилга барих ажлыг “Дархан трейд” ХХК 60 сая төгрөгөөр гүйцэтгэж ашиглалтад орууллаа.
Б.Норовсамбуу