“Мянган ээжийн баяр” тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-07 22:01:23

Дархан-Уул / MOНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтарч зохион байгуулсан “Мянган ээжийн баяр” Дархан хотын “Залуучууд” театрт болов.

Анх 1995 онд уг баярыг тэмдэглэж эхэлснээс хойш 22 дахь жилтэйгээ золгож байна. Жил бүрийн энэ өдөр Дархан хотыг бүтээн байгуулахад манлайлж ажилласан үе үеийн тэргүүний шилдэг эмэгтэйчүүдийг алдаршуулж иржээ. Тус аймаг нь 100 мянга гаруй хүн амтайгаас 50.9 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг. Эдгээрээс “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонтой 2164, “Алдарт эх”-ийн II одонтой 4527 эхчүүдтэй. Дархан хотын “Шилдэг ээж”, “Буянтай ээж”-үүдэд өргөмжлөл гардуулахын өмнө аймгийн Засаг даргын шагнал аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тав, “Засаг даргын жуух” бичгээр дөрөв, Дархан сумын Засаг даргын жуух бичгээр хоёр, аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр нэг, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Дурсгалын тэмдэг”-ээр хоёр, МЭХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр 11 ээжүүдийг тус тус шагналаа. 2017 оны “Шилдэг ээж”-ээр Дархан сумын иргэн Ч.Баясгалан, Д.Бүтэнсайн нарын 13 ээж өргөмжлөл мөнгөн шагнал авлаа.

“Буянтай ээж”-ээр мөн сумын Л.Цэрэнпагам, Б.Дулмаа, Б.Цэрэнпил, Н.Үүрцайх нарын 19 ээж шалгарч шагнал гардав. Тус аймгаас төрсөн “Хөдөлмөрийн баатар” дөрөв, Гавьяат цолтон найман эмэгтэй ажиллаж амьдарч байна.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Related news