Иргэдээ даатгаж мандал өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн удирдлагууд Дархан хот дахь Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин хийдэд ард түмнээ даатгаж ном хуруулж мандал өргөв.
Монгол Улсын “Шинэ үндсэн хууль” батлагдаж мөрдөгдсөнөс хойш жил бүрийн сар шинийн баяраар иргэдийнхээ заяа буян,хийморь лундааг даатган ном айлдуулж мандал өргүүлдэг уламжлал тогтжээ.Энэхүү уламжлал, ёсын дагуу аймгийн ИТХ, ЗДТГ-ын удирдлагууд уг хийдэд мандал өргөж ирэх цагийн сайн сайхан бүхнийг аймгийнаа иргэддээ ерөөж ирж буй алтан унжлагат хэмээх гал тахиа жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатгав. Энэхүү “Мандал өргөх ёс” нь одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин хийдийн Да лам Ж.Базаррагчаа: “Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл ёстой” гэлээ.
Б.Норовсамбуу