Монголын эрдэмтдийн 70 хувь нь ОХУ-д мэргэжил эзэмшжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-17 18:03:00

Монгол, ОХУ-ын найрамдалт харилцааг хамгаалах, хөгжүүлэх зорилго бүхий “Монгол, ОХУ-ын боловсролын хамтын ажиллагааны одоогийн байдал, хэтийн төлөв” онол, практикийн бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

ОХУ (ЗХУ)-д Монгол оюутан сургаж эхэлсний 95, Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн “МАВСУЗ” холбоо үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойд зориулан зохион байгуулсан энэхүү уулзалтад улс төр, урлаг соёл, батлан хамгаалах салбарын 50 гаруй төлөөлөл оролцов.

ОХУ-д мэргэжилтэн бэлтгээгүй улс дэлхийд байхгүй гэдгийг УИХ-ын гишүүн, “МАВСУЗ” холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар онол, практикийн бага хурлын нээлтийн үеэр онцолсон. Тэрбээр, “ОХУ болон Монгол Улс олон жилийн найрамдалт харилцаатай. Монгол Улс ОХУ-д суралцагсдын тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн тус улсын МСҮТ-ийг төгссөн мэргэжилтнүүдийг эх орондоо урьж төмөр зам, барилгын салбарт ажиллуулах саналтай байгаа. Ингэснээр Монголын мэргэжилтнүүд ОХУ-ын залуусаас туршлага судлах боломж бүрдэнэ.

Хоёр орны хамтын ажиллагаанд хамгийн өргөн, далайцтай хөгжиж ирсэн салбар нь боловсрол юм. Цаашдаа худалдаа, хөрөнгө оруулалт гээд бүхий л салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьж байгаа. Үүнд ОХУ-д төгсөгчид томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Аливаа улс орнуудын хамтын ажиллагаа нэн тэргүүнд боловсрол, соёлоор дамжин хөгждөг гэдгийг  “МАВСУЗ” холбооны дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаадурьдав. 1922 оноос хойш Монголын 80 мянга гаруй иргэн ОХУ-д боловсрол эзэмшсэн байна. Монголын нийт эрдэмтдийн 70 хувь, инженер, техникийн ажилтнуудын 60 гаруй хувь нь ОХУ-д сургууль төгссөн байдаг нь үе үеийн төгсөгчид эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсний илрэл юм хэмээв.

1970-1980 онд Монголоос жил бүр 1000 орчим залуус ОХУ-д мэргэжил эзэмшдэг байжээ. Энэ үе бол хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны оргилүе байсан хэмээн ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, “Монгол Оросын найрамдлын нийгэмлэг”, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов хэллээ.

Тэрбээр, Ер нь монголд ОХУ-ын болосвролын систем өндрөөр үнэлэгддэг. Сүүлийн дөрвөн жил Оросын Шинжлэх ухаан, соёлын төвОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах шалгалтыг зохион байгуулж байгаа. Монгол Улсын хөдөө орон нутгийн иргэдийг тэтгэлэгт түлхүү хамруулахаар ажиллаж байна. Тухайлбал, Дорнод, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт Орос хэлний олимпиад зохион байгуулж, амжилттай оролцсон 30 хүүхдийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болсон. Мөн энэ оны гуравдугаар сард Орос хэлний улсын олимпиад зохион байгуулж, амжилттай оролцсон залууст мөн манай улсад суралцах эрх олгох юм. Олимпиадад оролцох хүсэлтэй залуус http://mng.rs.gov.ru/mn цахим хуудсанд бүртгүүлэх ёстой.

Түүнчлэн гуравдугаар сарын 16-18-нд ОХУ-д суралцах хүсэлтэй залууст их дээд сургуулиудыг танилцуулах боловсролын үзэсгэлэн Оросын шинжлэх ухаан, соёлын төв(РЦНК)-д болно” гэлээ.

ОХУ-д 2007 онд 200 хүүхэд суралцаж байсан бол энэ тоо жил ирэх тусам тогтмол өсч, 450-д хүрсэн байна. Мөн өнөөдрийн байдлаар 5000 гаруй залуус ОХУ-д суралцаж байгаа аж.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news