П.Янжин: Сэтгэл сайтай байвал бүх зүйл бүтдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 16:46:32

Аливаа хүн цаг ямагт бүтээлчээр хөдөлмөрлөж, шинийг санаачилж, түүнийхээ төлөө уйгагүй зүтгэвэл хичнээн их амжилтанд хүрч, аз жаргалтай, сайн сайхан амьдарч болдогийн бодит жишээ олон бий.

Энэ л хүмүүсийн нэг бол “Энхмандал-Увс” компанийн захирал П.Янжин билээ. Даруу төлөв, энгийн, сайхан сэтгэлтэй, өгөөмөр, үргэлжид сайн сайханд тэмүүлж, бусдыг ч мөн тийм байлгахын төлөө төрсөн хүн гээд Янжин эгчийг магтаад байвал үг дуусахгүй. Хайрт ханиасаа хар залуугаараа хагацаж, хоёр хүүгээ хүний зэрэгтэй хүн болгож чадсан ажилсаг, хөдөлмөрч, ухаалаг энэ сайхан эмэгтэйтэй намрын налгар шар наран ээсэн сайхан өдөр ургацын талбай дээр нь очиж ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.

-Таныг их л эрт компани байгуулсан гэж сонссон? Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Намайг Пэлжирийн Янжин гэдэг. Увс аймгийн Малчин суманд төрсөн. Ам бүл гурвуулаа. Өдгөө “Энхмандал-Увс” компанийн захирлаар ажиллаж байна.

Би 1994 онд “Татлага” нэртэй хувиараа эрхлэх аж ахуйг дүүтэйгээ хамт байгуулж байсан. 1998 оноос “Энхмандал-Увс” компани болж өргөжсөн. Өлөн гэдэс боловсруулж экспортонд гаргадаг байлаа. 2007 оноос хойш газар тариалангийн салбар луу түлхүү орж төмс, хүнсний ногоо тариалах болсон.

   2014-2015 онд 4,5 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан. Энэ оны хувьд талбай дээрээ үр үйлдвэрлэх ажлыг түлхүү хийлээ. Өнгөрсөн жил “Монгол төмс” хөтөлбөрийн шугамаар ирсэн хүрэн манжинг Улаангомд нутагшуулах зорилгоор нэг кг-ыг авч тариалаад 3,5 тн таваарын хүрэн манжин хурааж авсан. Түүнийгээ энэ жил үр гаргах зориулалтаар эргэж тариад сайхан ургац авлаа. Одоо нарийн шинжилгээ хийлгээд аймгийнхаа Үрийн холбоонд нийлүүлж, ард иргэдэд худалдаалах арга хэмжээ авна. Үүнээс гадна лууван, шар манжин гэх мэт бусад төрлийн хүнсний ногооны үрүүдийг тариалсан. Мөн цагаан лууван, кимчиний байцааг тарьж үзлээ. Сайхан ургахаар юм билээ.

Төмс болон бүх төрлийн хүнсний ногоо тариалж, нийтдээ 20 гаруй тн ургац хурааж аваад байна.

-Өлөнгийн үйлдвэрлэл эрхэлж байсан хүн яагаад газар тариалан руу орчихсон юм бэ?

-Би хүнсний технологич мэргэжилтэй л дээ. Социализмын үед Улаанбаатар хотноо Мах комбинатад өлөнгийн цехийн чанар шалгагчаар ажиллаж байсан. Мэргэжил маань тэр болохоор анх Увсад ирчихээд өлөнгийн цех ажиллуулахад их дөхөмтэй байсан. Сүүлийн үед хүүгийнхээ ажлыг дэмжих бодолтой газар тариалан луу ороод байна. Үүнээс гадна өлөнгийн цех маань эрсдэлтэй болоод ирсэн. Бас бие маань дийлэхгүй болж, хоёр жил шахуу өвдөж эмчилгээ хийлгэсэн. Одоо өлөнгийн үйлдвэрлэлээ бүрмөсөн орхиогүй бага сагаар ажлынхаа зай завсраар хийсээр байгаа.

Том хүү Ю.Шинэ-Од маань ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгсөж, магистрын зэрэг хамгаалсан. Одоо хүүтэйгээ хамтраад газар тариалангаа эрхэлж байна. Анх газар тариалангийн мэдлэг муу байхдаа Чандманий тариаланчдаас дэмжлэг туслалцаа, зөвлөгөө их авдаг байлаа. Арсай дахь талбайдаа хадлан тариалахдаа мөн тэндэхийн малчид, тариаланчдаас зөвлөгөө, тусламж авч, арвин ургац хурааж ирсэн.

-Газар тариалан эрхлэгчдэд бэрхшээл цөөнгүй тулгардаг. Тэр бүхнийг хэрхэн яаж туулж байна вэ?

-Шантрах үе зөндөө гарна. Анхандаа төмсний шинэ сорт гаргаад сайхан тариалаад ашигтай ч ажиллаж байлаа. 2010 онд 3 га газар тарьсан төмс маань муу ургаж ашиггүй ажилласан. Дандаа гараар хийгээд байхаар эцэж цуцаад хэцүү байсан. Тэгэхээр дараа жил нь төслийн зээл авч урагшаа яваад газар тариалангийн чиглэлийн техник хэрэгслийг тракторын хамт иж бүрнээр нь авч ирж байлаа. Төмс хураадаг, тарьдаг, хадлан хаддаг, газар хагалдаг, газар боловсруулдаг трактортай болсноор ажил нэлээд хөнгөвчлөгдсөн. Тэр жил 50 тонн ургац хурааж авсан ч борлуулах тал дээр нэлээд асуудал гарсан. Монгол даяар төмс илүүдэлтэй жил байж билээ. Бага хүү маань зуны амралт тавьсан дор ирээд зах дээр зогсож ногоогоо зарж байлаа. Үлдсэнийг нь хүмүүст гуйж өгөөд, сүүлдээ 10 гаруй тонн төмс ямар ч хэрэггүй хаягдсан. Тэглээ ч гэсэн бид шантралгүй жил бүр тариалалтаа хийгээд явж байна.

-Үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар ямар бодолтой явдаг вэ?

-Цаашид өвлийн хүлэмж хийхээр судлаж байна. Мөн үрсэлгээний янз бүрийн аргуудыг бодож байгаагаас гадна эрт ургацын ногоо тариалахаар төлөвлөөд явж байна. Манай компани Шар харгайд байгаа энэ талбайгаас гадна Арсайд 15 га хадлангийн талбай, хуучин нефтийн хажууд 1 га чацаргана, үхрийн нүдний талбайтай. Энэ гурван талбайгаасаа жилдээ боломжийн хэмжээний ургац хурааж авдаг. Хэдийгээр энэ жил гантай байсан ч сайн хадлан авсан. Ерөнхийдөө хүү бид хоёр газар тариалангийнхаа ажлыг өөрсдөө голдуу хийдэг. Харин дүү нартайгаа хамжаад чацаргана, үхрийн нүдээ тариалдаг.

Хаврын тариалалтын үед өөрсдөө гардаж тариад харин ургац хураалтын үеэр хүмүүс авч ажиллуулдаг. Энэ жилийн хувьд 30 гаруй  хүнийг авч  ажиллуулж, сарын хугацаанд ургацаа хурааж дууссан.

-Бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулж байна?

-Хамгийн хэцүү асуудал бол борлуулалт болсон. Борлуулалт хийхийн тулд бид хоёр өдөржингөө дэлгүүрүүдээр явж байна. Сүүлийн үед санхүүгийн хямрал нөлөөлөөд бүр ч борлохоо байлаа. Хүмүүс хэрэгцээнийхээ ногоо, жимсийг өөрсдөө тарьдаг болсон. Иймээс их хэмжээгээр тарьж байгаа хүмүүст жижиг дунд үйлдвэр хэрэгтэй байна. Сайхан ургуулаад авсан ногоогоо хаяж, малд өгөөд баймааргүй байна шүү дээ.

Манай компани чацарганы бага оврын цехтэй, түүгээрээ жилдээ 2 тонн орчим чацаргана боловсруулж чацарганы тос, өтгөрүүлсэн шүүс хийж зах зээлд гаргаж байна. Өтгөрүүлсэн шүүс бол хотод маш сайн борлодог. Хүмүүс эко бүтээгдэхүүн гээд мэддэг болцгоосон. Өнгөрсөн жил 1 тонн шүүс, 50 кг орчим чацарганы тос аваад хот орсон чинь тэр дороо л борлочихсон. Цаашдаа сайхан үйлдвэртэй болох юмсан гэж мөрөөдөж байгаа. Хүнсний ногооны нөөшилсөн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр судлаж байгаа. Түүнийг хийхийн тулд дахиад л зээл хөөцөлдөх хэрэг гарч ирнэ. 

Малчин сумын сургуульд жил бүр төмс, хүнсний ногоо нийлүүлж ирсэн. Одоо удахгүй ургацаа аваад явах гэж байна. Манайх жилдээ 5 тонн орчим төмс, хүнсний ногоо нийлүүлдэг юм.

Энэ жил манай хамгийн том байцаа 7 кг ургасан. Солонгос үрээр тарьсан цагаан лууван маань бас их том ургасан. Ресторан, гуанзууд их авч байна.

-Танай компани газар тариалангийн чиглэлээр олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байна. Тэгэхээр энэ хугацаанд ямар шагнал урамшуулал хүртсэн бэ?

-Компани байгуулагдсан цагаасаа хойш “Увс түншлэл”-д жил бүр оролцож ирсэн. Энэ жил мэдэлгүй өнгөрөөчихлөө. Уг нь кимчиний байцаагаар оролцох бодолтой байсан юм. Баруун бүсийн болон аймгийн үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож, шилдэг бүтээгдэхүүний шагналыг авч ирсэн. Тэр бүү хэл, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанаас экологийн шилдэг бүтээгдэхүүний шагналыг чацарганы варениараа авч байсан.

Манай компани аймаг орон нутагтаа татвар сайн төлдөг байсан. Сүүлийн үед жаахан багасаад байгаа. Хүнсний ногооны үйлдвэрлэл нэгдүгээрт орлого багатай юм, хоёрдугаар хугацаа их ордог, гуравдугаарт зардал ихтэй юм. Өлөнгийн цех ажиллуулж байхдаа татвар сайн төлдөг байсан.

-Өвлийн цагт ямар ажил эрхэлж байна вэ?

-Үрээ ялгаж цэвэрлэх, чацарганыхаа үйлдвэрлэлийг явуулах, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэх гээд ажил мундахгүй их. Манайх нийтдээ чацарганы гурван төрөл, өргөст хэмх, алаг салат гэх мэт зургаан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

-Таныг нийгмийн идэвх сайтай эмэгтэй гэж хүмүүс ярьдаг. Эмэгтэйчүүдийн холбоонд олон жил болж байна уу? 

-Би Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлд 2002 онд орсон. Мөн үрийн холбоо, чацарганы холбоо, УЗХорооны гишүүн гэх мэт сонгуульт ажилтай. Аль болох нийгмийн ажилд идэвхитэй оролцож, бас чадах хэрээрээ хүмүүст туслаж дэмжихийг боддог. Иймдээ ч аймгаас надад аваагүй шагнал байхгүй. Энэ жил аймгийн 90 жилийн ойн медалийг гэрт маань авч ирж өгсөнд баяртай байгаа. Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулаад хоёр жил өнгөрч байна.

-Эмэгтэй хүн ганцаараа амьдралын хүнд бэрхийг үүрээд явахад хэцүү л байх даа?

-Яахав дээ, өөрт оногдсон хувь заяагаараа л амьдарч явна даа. Манай нөхөр өнгөрөөд 23 жил болж байна. Бага хүү маань 8 сартай байхад нөхөр маань өнгөрсөн. Түүнээс хойш нутагтаа ирээд олон жил боллоо. Нутгийн уул ус түшээд сайхан амьдруулж байна. Би нутаг орондоо их баярлаж явдаг. Сэтгэл сайтай байвал бүх зүйл бүтдэг шүү дээ.

-Би ямар нэгэн ажлыг хийе гэж бодсон бол тэр ажлынхаа ард гарч байж л санаа минь амардаг хүн байгаа юм.

-Манайх хоёр залуутай. Бага хүү Ю.Энх-Од маань МУИС-ийг худалдааны эдийн засагч мэргэжлээр төгсөөд Улаанбаатар хотод хувиараа ажиллаж байна.

 Энэ дашрамд залуучууддаа хандаад аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийвэл ирээдүй чинь гэрэл гэгээтэй байна шүү гэж хэлье дээ.

-Танд баярлалаа.

Б.Батхүү

 

 

Related news