Улсын хөрөнгийг үр ашигтай зарцуулах эрх, үүргийг нь сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 15:30:02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар УИХ- д өргөн барьж батлуулсан Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас орон нутгийн иргэдэд эдгээр хуулийг тайлбарлан ойлгуулж, иргэдийн санаа бодлыг сонсох ажлыг зохион байгуулж байна. Энэ зорилгоор Дундговь аймагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн ахлах референт Г.Мөнхтулга ажиллалаа.

Тэрээр 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад хийсэн Үндэсний аудитын газрын тайлангаар нэлээдгүй алдаа дутагдал гарсан тул Орон нутгийн хөгжлийн сангийн талаар иргэдэд мэдээллийг дахин сайн хүргэх шаардлагатай гэж үзэж, Ерөнхийлөгчийн тамгын газраас 21 аймагт ийнхүү ажиллаж байгааг тодотгосон юм. Үүнээс гадна өнгөрсөн хавар хэрэгжиж эхэлсэн  Шилэн дансны тухай хуулиар төсвийн ил тод байдлыг хэрхэн хангаж ажиллах, мөн Ерөнхийлөгчийн санаачлагаар Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын гүйцэтгэж байгаа “Монгол хэлний их тайлбар толь” төслийн талаар мэдээлэл хүргэх зорилготой гэлээ.  

Дундговь аймгийн хувьд  багийн ИНХ- аар дэмжээгүй төсөл хөтөлбөрийг Орон нутгийн хөгжлийн сангийн 65 сая төгрөгөөр санхүүжүүлсэн, төсөл хөтөлбөр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг муу хийснээс 261 сая төгрөгийн ажил дутуу гүйцэтгэсэн, ОНХС- ын хөрөнгөөр бий болсон 395 сая төгрөгийн өмчийг бүртгээгүй зэрэг зөрчил Аудитын хяналтаар илэрсэн байна.

Сайнцагаан сумын ЗДТГ 16 сая төгрөгөөр цас цэвэрлэх машин авсан ч тэр нь онгоцны буудал цэвэрлэх зориулалттай тул гудамж талбайд ашиглах боломжгүй, одоог хүртэл тоосонд дарагдан хадгалагдаж байгаа, Дэрэн сум 29 сая төгрөгөөр усан оргилуур хийсэн ч тэр нь арчилгаа тордолгоо байхгүйгээс эвдэрч, ажиллахаа больсон гэх зэрэг ОНХС- ийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байгаа жишээг ахлах референт мэдээлэлдээ дурьдсан юм.

Иймэрхүү байдлаар хөрөнгийг үр дүн муутай үрэн таран хийх байдлыг цаашид таслан зогсоож, хууль сахиж ажиллах хэрэгтэй. Амьдарч байгаа орчноо илүү сайжруулахад юу хийх хэрэгтэй талаар саналаа хэлж, хэдий хэр хэмжээний хөрөнгийг хэрхэн зарцуулж, юу хийж байгаад хяналтаа тавих эрх иргэдэд бий. Төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэгчийг сонгож чадаж  байгаа л бол хийж байгаа ажилд нь хяналт тавьж, үнэхээр чанаргүй гүйцэтгэсэн бол шүүхэд хандан улс, иргэдийг хохиролгүй болгох асуудлыг гаргаж тавих эрх орон нутгийн удирдлагуудад бий гэдгийг тэрээр тодотгон сануулав.

Дундговь Т. Отгонтуяа

Related news