“Байлдагчийн халаасанд генералын мөрдэс” сэдэвт үзэсгэлэн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 11:13:24

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 94 жил, Монгол цэргийн өдөр хэмээн хуульчлан тэмдэглэж эхэлсний 12 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн дүрэмт хувцасны “Байлдагчийн халаасанд Генералын мөрдэс” сэдэвт үзэсгэлэн нээгдлээ.

Үзэсгэлэнд Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1944, 1950, 1963, 1978, 1991, 1998 оны үе үеийн дүрэмт хувцасны загварууд болон Маршал Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, хурандаа генерал Ж.Ёндон, БНМАУ-ын Ш.Гонгор зэрэг цэргийн алдартнуудын өмсөж байсан цэргийн дүрэмт хувцаснууд, БХТА-ын сан хөмрөгөөс түүхэн баримт бичгүүд зэрэг 30 гаруй иж бүрэн дүрэмт хувцасны төрөл, төрийн болон цэргийн одон медалиуд зэрэг 150 гаруй эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлж байна. 

Монгол ардын журамт цэрэг, хувьсгалт цэрэг, ардын цэрэг, ардын арми, байлдагч, сурагч, сонсогч, ахлагч, офицер, генералуудын ёслолын, албаны, хээрийн тусгай зориулалтын дүрэмт хувцас, цол тэмдгийн өөрчлөлт, шинэчлэлтийн түүхийг дэлгэн үзүүлснээр дүрэмт хувцас өмсөх дүрэм заавар, түүнийг хэрэглэх журам одон медаль, тууз, энгэрийн тэмдэг зүүх ялгах хэрэгдэх зэрэг нарийн дэг журмыг таниулахад ач холбогдол оршиж байгаа юм.

Үзэсгэлэнг Монгол цэргийн түүхийн музей, Зэвсэгт хүчний 256-р анги, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутаг судлах музей хамтран 10 сарын 15-21 өдрүүдэд үнэ төлбөргүй гаргаж байна.

Б.Батчимэг

 

Related news