МУИС-ийн оюутнууд сургалтын суурь хураамжийг эсэргүүцэж жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2017-01-30 15:25:15

МУИС-ийн 500 оюутан сургуулийнхаа Нэгдүгээр байрны гадаа сургалтын суурь хураамж өндөр, ямар ч үр ашиггүй байгааг эсэргүүцэж тайван жагсаал хийв.

Суурь хураамж гэдэг нь сургалтын төлбөрөөс гадна оюутнуудын сургалтын орчин нөхцлийг сайжруулах, номын сан хөгжүүлэх, вэб ашиглах зэрэгт зориулан сургалтын төлбөрөөс гадна бакалаврын түвшний нэг оюутнаас жилд 224 мянган төгрөг, магистр, докторын оюутнаас 336 мянган төгрөг хураан авда, тухайн оюутан чөлөө авсан тохиолдолд ч суурь хураамжийн төлбөрөөс чөлөөлөгддөггүй хэмээн МУИС-ийн оюутны зөвлөлийн гишүүн А. Эрдэнэбаяр хэллээ.

МУИС 20 мянган оюутантай гэж үзэхэд 4 тэрбум 480 сая төгрөгийг юунд царцуулдаг нь тодорхойгүй, оюутны суралцах нөхцөл, орчин яг л бахь байдгаараа, сургалтын чанарт ямар ч ахиц дэвшил гарсан зүйлгүй, анги танхимын тохижилт байхгүй, сургуулийн вэб, номын сангийн өргөтгөл зэргийг сайжруулахад ашигладаг гэх боловч оюутнуудын хувьд энэ бүгд нь шаардлага хангахгүй байгааг эсэргүүцэж цаашид үр ашиггүй төлбөр авахаа зогсоохыг шаардав.

Оюутнууд энэ талаар Авлигатай тэмцэх газар, АУДИТ-ын байгууллагаар шалгуулахаар өгсөн боловч АТГ-аас одоогоор хариу ирээгүй, АУДИТ-ын газраас энэхүү төлбөр хураамж нь хууль бус гэсэн хариу ирүүлсэн хэмээн жагсаалыг зохион байгуулагч МУИС-ийн Оюутны холбооны гишүүн Б.Хосбаатар хэллээ. 

Бид тэнцвэртэй мэдээлэл өгөхөөр тус сургуулийн Хэвлэлийн төлөөлөгч А. Пагмад хандаж Сургуулийн удирдлагаас тодруулга авахыг хүссэн боловч сургуулийн захирал одоогоор байхгүй, "Бид үүнийг сургалтын чанар, орчин нөхцлийг сайжруулахад ашигладаг” гэсэн тайлбар өгч байв.

Р.Хишигжаргал 

 

Related news