Р.Батжаргал:Дарханыг “Сайхан бүсгүйчүүдийн хот” хэмээн нэрлэж яагаад болохгүй гэж

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-29 23:30:02

Дархан-Уул аймгийн Музейгээр орж сонирхож яваад нэгэн өвөрмөц үзмэрийг үзсэн маань Дархан хотоос төрсөн Монгол улсын “Сайхан бүсгүй” тэмцээний “Алтан Эрдэнэ”-ийн өргөмжлөлт бүсгүйчүүдийг танилцуулсан “Дарханы сайхан бүсгүйчүүд”-ийн булан байсан юм.

Тус Музейн захирал Д.Жамбалдоржийн тайлбарласнаар Дархан хотын 1989, 1992, 1993, 1994, 1995 оны мисс “Алтан Эрдэнэ” өргөмжлөлт Ж.Дэлгэрмаа, И.Мандахбаяр, Ц.Сарантуяа, О.Оюунтуяа, С.Бүрэнжаргал, Монгол Улсын үндэсний ялагч Г.Хонгорзул, Т.Батцэцэг, 1993 оны анхны гоо охин С.Арьяа нарын тухайн үед Дархан хотын болон Монгол улсын “Сайхан бүсгүй” уралдаанд оролцож байсан түүхийг олон нийтэд танилцуулах зорилгоор нээжээ. Анх 1989 онд Нийтийн хоолны трестийн ажилтан Ж.Дэлгэрмаа, 1992 онд оюутан И.Мандахбаяр, 1993 онд Монгол Улсын “Сайхан бүсгүй-93” улсын уралдаанд “Дархан хотын сайхан бүсгүй-93” -д шалгарсан Ц.Сарантуяа оролцон түрүүлжээ. 1994 онд “Монгол улсын сайхан бүсгүй-94” улсын уралдаанд “Дархан хотын сайхан бүсгүй-94” О.Оюунтуяа тэргүүлсэн бөгөөд Монгол Улсаас анх удаа БНСУ-д зохион байгуулагдсан “Дэлхийн оюутан мисс” шалгаруулах уралдаанд оролцож тусгай байрын шагнал хүртэж байжээ. Мөн 1995 онд “Монгол улсын сайхан бүсгүй-95” улсын уралдаанд “Дархан хотын сайхан бүсгүй-95” С.Бүрэнжаргал тэргүүлсэн нь Дархан хотод “Монголын сайхан бүсгүй”-чүүд аж төрдөг гэдэг бахархалыг бий болгосон. 2005 онд Дархан хотын унаган охин Г.Хонгорзул нь  “Miss Mongolia-2005” оны үндэсний ялагч болж эх орноо төлөөлж анх удаа дэлхийн мисс тэмцээнд оролцож 120 гаруй орны бүсгүйчүүдээс “Шилдэг-15” байранд орсон юм. Тэдний Дархан хотын болон Монгол Улс, дэлхийн миссийн тэмцээний тайзан дээр өмсөж байсан хувцас хэрэглэл уг музейд тавигджээ. 2014 оны Дархан хотын унаган охин Т.Батцэцэг нь “Miss MongoliaI-2014” оны үндэсний ялагч болж эх орноо төлөөлж “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож авсан өргөмжлөл, титэм хувцас хэрэглэлийг байрлуулсныг тайлбарлаж танилцууллаа.

Уг үзмэрүүдийг үзсэний дараа Монгол Улсын “Сайхан бүсгүй” тэмцээнийг зохион байгуулдаг байсан “Хатан Эрдэнэ” холбооны “Дархан салбар”-ын тэргүүнээр тухайн үед ажиллаж байсан бол одоо аймгийн Боловсрол. Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байгаа Р.Батжаргалтай уулзаж ярилцахаар шийдсэн юм. Түүнийг Дарханчууд “Мисс Батчаа” гэж дууддаг билээ.

-Та “Дархан хотын сайхан бүсгүй” тэмцээнийг анх зохион байгуулж байх үед ямар ажил алба эрхэлдэг байсан бэ?

-Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хороо гэж том байгууллага байх тухайн үед би Дархан хотын Эвлэлийн хорооны үзэл суртал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байлаа л даа. Тэр үе чинь социализмын хаалттай нийгэм байсан. Тэгээд 1989 оны гуравдугаар сарын найманд эмэгтэйчүүдийн баяраар Дархан хотод “Дархан хотын сайхан бүсгүй” тэмцээнийг анх санаачилж зохион байгуулсан. Тэгээд тэр оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хот дахь Монголын сайхан бүсгүйчүүдийн “Хатан Эрдэнэ” холбоо манай ажлыг үнэлж салбараа байгуулъя гээд салбар нь Дархан хотод бий болсон хэрэг. Түүнээс хойш тэмцээнээ жил дараалан явуулдаг байсан бол заримдаа хоёр гурван жил өнжөөд тэмцээнээ явуулж ирсэн. Улаанбаатар хотод зохиогдсон сайхан бүсгүй анханы гурван тэмцээнд гурвууланд нь Дарханы бүсгүйчүүд түрүүлж “Алтан Эрдэнэ”-ийн өргөмжлөл авсан.

-Улаанбаатар хотод сайхан бүсгүй тэмцээн болж байх үед хамт эхэлсэн үү? Аль эсвэл түрүүлж хийсэн үү?

-Манайх энэ тэмцээнийг нийслэлээс нэг жилийн өмнө Дархан хотдоо түрүүлж хийсэн. Түүнээс хойш олон уралдаан болдог ч товчлон хэлбэл дэлхийн оюутны гоо бүсгүйн тэмцээнд Монгол Улсаас анх удаа  БНСУ-д очиж оролцоход 1992 оны Монгол Улсын миссээр шалгарч байсан Дарханаас төрсөн гоо бүсгүй И.Мандахбаяр маань амжилттай оролцсон. Түүнээс бүүр хожуу 2007 оны үед дэлхийн миссид Монгол Улсаас гоо бүсгүй оролцох болоход бас л Дарханы Г.Хонгорзул шалгарч оролцсон. Хамгийн сүүлд л гэхэд дэлхийн миссээр Т.Батцэцэг шалгарч байх жишээтэй. Үүнээс юу харагддаг вэ гэхээр Монгол Улсдаа сайхан бүсгүй тэмцээнийг Дархан анх удаа хийсэн, олон улс, тив, дэлхийн сайхан бүсгүй тэмцээнд орох болгонд Дарханы бүсгүйчүүд эхэлж оролцдог зэргээс үзэхэд манай Дархан бол юм юмны анхдагчид гэж ойлгодог.

-Дөнгөж сая аймгийн Музейд байгаа “Дарханы сайхан бүсгүйчүүд” үзмэрийг үзээд ирлээ. Энэ нь тус музейн онцгой содон үзмэрүүдийн нэг гэж бодлоо?

-Аймгийн Музейд сайхан бүсгүйчүүдийнхээ буланг зүгээр л нэг байгуулаагүй. Дархан маань соёл, гоо сайханы, яруу тансагийн хэмжүүр болсон хот юм даа. Би байнга л нэг юмыг  санал болгодог л доо. Тухайлбал: Польш улсын Караков гэж хот байдаг. Тус улсын сайхан бүсгүйчүүд бүгдээрээ тэр хотоос төрсөн байдаг бол дэлхийн миссийн тэмцээнд тэр Караков хотын бүсгүйчүүд бас л гурван жил дараалан түрүүлсэн. Тэр хотын дарга нь хотынхоо хүн ам зүйн бодлогод нэгэн өвөрмөц шийдвэр гаргасан байдаг. Тэр нь хотын сайхан бүсгүйн тэмцээнд оролцож байсан болон шалгарч байсан гоо бүсгүйчүүдийг очсон газар болгон нь туйлын хүндэтгэлтэйгээр хүлээн авч байхыг хүсч тодорхойлолт хийж өгдөг байна. Ингэснээр Польшийн Соёлын Яамнаас Караков хотыг Польш улсын “Сайхан бүсгүйчүүдийн өлгий хот” гэж зарлаад батламж олгосон байдаг. Ийм байхад манай Дархан хот Монгол улсын “Сайхан бүсгүйчүүдийн хот” байж яагаад болохгүй гэж санагддаг үүнийгээ ч хэлж ярьж явдаг даа.

-Энэ тэмцээнийг явуулах санаа анх яаж төрсөн бэ? Мэдээж тухайн үед иймэрхүү юмыг хийнэ гэдэг тэр хаалттай нийгэмд амаргүй байсан байх даа.

-Миний тухайн үед ажиллаж байсан МХЗЭ маань залуучуудын дунд зохион байгуулдаг бүх ажлыг хийдэг цорын ганц байгууллага байсан. Тэнд ажиллаж байсан бүх хүмүүс их чөлөөтэй сэтгэж чаддаг, шинэ зүйлийг сэдэж хийж чаддаг их сайхан хүмүүс байсан л даа. Манай Дархан чинь Орос, Болгар, Чехсловак, Унгар, Румын зэрэг улс орнуудын мэргэжилтнүүд болон тухайн үеийн 18 аймгаас ирсэн шилдэг сайхан залуучуудаас бүрдсэн залуу хотын залуу хэв маягийн сэтгэлгээ бий болсон газар учраас дэлхийн жишигт нийцсэн юм хийе гэж л бодсон хэрэг. Тэгээд ч Дархан маань дээрх олон улс орнуудын соёлыг өөртөө шингээснээр хөгжил дэвшил их түргэн явагдсан онцлогтой.

-“Монгол улсын сайхан бүсгүй тэмцээн”-ий тэргүүн байрын ихэнхийг нь Дарханы бүсгүйчүүд эзэлсэн байдаг. Дархан хотоос ингэж олон мисс төрдөгийн учир юу вэ? Таны бодлоор?

-Дархан хотоос олон сайхан гоо бүсгүй төрдөгийн хувьд гэвэл эх орны өнцөг булан бүрээс ганц биеэрээ ирсэн залуус гэрлэж шинэ хотын шинэ иргэдийг төрүүлж шинэ генийг бий болгосон гэж боддог. Цаашдаа санаж бодсоноо хэлэхэд БСШУСЯ-наас Дархан хотыг “Гоо сайханы хот” эсвэл “Сайхан бүсгүйчүүдийн хот” гэдэг өргөмжлөлийг нь өгчих хэрэгтэй. Юу нь болохгүй гэж. Мөн аймгийн Музейд байгаа “Сайхан бүсгүйчүүдийн булан”-г өргөтгөж улмаар Монгол Улсынхаа мисс болсон бүсгүйчүүдээ хотынхоо хүндэт иргэн болгоё л доо. Тэгээд аймгийн Засаг даргын дээд шагнал “Найрамдлын Дархан” тэмдэгээр шагнахсан гэсэн бодолтой байдаг. Бас Дархан хотын төдийгүй Монгол улсын бахархал болсон сайхан бүсгүйчүүдийнхээ зураг хөрөг оролцсон өнгөтэй гоё цомог гаргаж тэр нь айл болгоны ширээн дээр байх хэрэгтэй.

-Өөр сонин сайхан дурсамж их бий биз дээ? Нэмж хэлмээр юу байна даа?

-Байлгүй яах вэ дээ. 1993 онд “Дархан сайхан бүсгүй” уралдаан явж байх үед манай Залуучууд театрын дуучин МУГЖ н.Алтанцэцэгийн охин С.Арьяа сайхан охины тэмцээнд орж анхны гоо охиноор шалгарсан юм. Тэр үед Дарханы сайхан бүсгүй, гоо охины тэмцээн гэдэг их ч олон хүн оролцдог шалгуур ч өндөртэй явагддаг байлаа. Түүнээс хойш өчнөөн жилийн дараа ээжтэй нь уулзаад ярилцаж байхад АНУ-д очоод арав гаруй жил болж байгаа юм байна. Тэр охин С.Арьяа маань АНУ-ын “Вержина хотын сайхан бүсгүй” уралдааны тэргүүн байрын шагнал авсан байдаг. Ийм л бахархалтай Дарханы бүсгүйчүүд хаа ч явсан гоо сайхнаараа гайхуулж явдагт баярладаг. Хэрвээ эрэгтэйчүүдийн тэмцээн зохиогдож “Жентельмен”-ийг шалгаруулдагсан бол магадгүй Дархан хотын залуучууд ч бүсгүйчүүдээсээ дутахгүй байхыг хэн ч үгүйсгэхгүй” гэв.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news