Цасны хэмжилтээр “Цагаан зудтай” гэж үнэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-28 23:02:58

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хурал болж хурлын эхэнд тус аймгийн Ус цаг уур, Орчины шинжилгээний албанаас цаг агаарын мэдээ, цасны хэмжилтийн дүнг танилцуулав.

Хонгор, Орхон, Шарын гол, Дархан сумдын нутгийн 10 цэгт хээрийн судалгаа хийхэд хэмжилт хийсэн ихэнх цэгүүдийн цасны дундаж зузаан 26-30 см, хамгийн их нь 40-50 см, зарим гуу, жалга хунгарласан газартаа 50-60 см байгаа аж. Засгийн газрын 286 дугаар тогтоолын зудыг үнэлэх шалгуураар үнэлэхэд хэмжилт хийсэн ихэнх цэгүүдэд “Цагаан зудтай” гэж гарчээ. Цаашид цас орж цасны зузаан нэмэгдэхэд ихэнх сумдын нутгаар өвөлжилтийн байдал улам хүндрэх төлөвтэй байгааг аймгийн ОБГ-ын дарга Б.Батбаяр мэдээллээ. 

Мөн цаашид зарим газраар цас орж цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавьж мэргэжлийн байгууллагуудаас гаргасан мэдээлэл сэрэмжлүүлгийг анхааралдаа авч ажиллахыг уриаллаа. 

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news