Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн олон эх үүсвэр бий болгох хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-01-24 15:42:39

Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн олон эх үүсвэр бий болгох, хөрөнгө оруулалтад шинэ хандлага бий болгох шаардлагатайг өнөөдөр болсон “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл онцлов.

Тэрбээр гадаадтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж, санал санаачилгыг дэмжиж, нээлттэй, эрх чөлөөтэй болгох, үйлдвэрлэл, бизнесийн салбарын оролцоог эрс нэмэгдүүлэх, түүнчлэн эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудалд тууштай анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, эрдэм шинжилгээ-судалгааны ажлын гол үр дүн, практикт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцов.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэхдээ, “Юуны өмнө УИХ-ын түвшинд хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай. Бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох, төгөлдөржүүлэх, дутагдалтай байгаа зүйлсийг анхаарах, шинжлэх ухааны салбарын тогтолцооны асуудлыг эргэж харах нь зүйтэй. Академийн эрх зүйн байдлын тухай, Шинжлэх ухаан технологийн тухай хууль зэрэг хуулиуд байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүгийн тогтолцоо ярвигтай болсон байна. Салбарын хууль нь муу биш ч гагцхүү хэрэгжүүлэх талд анхаарах хэрэгтэй гэдгийг эрдэмтэн, судлаачид ярьж байна. Тийм ч учраас УИХ  хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд Засгийн газрыг шахаж ажиллах шаардлагатай. Мөн энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаач та бүхний оролцоо чухал” гэв.

Тус хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооноос БСШУЯ, ШУА, ШУТС-тай хамтран зохион байгууллаа.

Энэ үеэр эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн, шинэ бүтээгдэхүүн, технологи, ноу-хау болон гарааны компаниудын үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэн дэлгэсэн юм.

Сүүлийн жилүүдэд төрөөс шинжлэх ухааны салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй байгаагаас эрдэм шинжилгээ, судалгааны салбар хүнд байдалд орж, эрдэмтэн судлаачдын нийгмийн баталгаа жилээс жилд муудаж байгааг салбарынхан хэлж байв. Иймд УИХ-ын Байнгын хорооноос санаачилга гарган шинжлэх ухааны салбарын хөгжилд онцгой ач холбогдол өгч, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа хэмээн мэдээллээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news