"Чадваржсан иргэн - Тогтворжсон амьжиргаа" төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-23 11:46:13

Европын холбоо, Чехийн хөгжлийн сангаас санхүүжилтэй “Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа” төсөл Архангай аймгийн Эрдэнэбулган, Цэнхэр, Хотонт, Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Бүрд суманд хэрэгжиж эхлээд байна.

Төслийг People In Need олон улсын байгууллага, Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв, Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Мэдлэгийн сүлжээ ТББ-аас хамтран хэрэгжүүлэх бөгөөд үндэсний болон бүсийн хөгжлийн бодлого, стратегийн хүрээнд шинэлэг бизнесийн санаачилгуудыг зах зээл болон аялал жуулчлалын салбартай холбож хувийн хэвшил, орон нутгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангасан олон талт тогтвортой, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Төслийн баг 1 сарын 20-ны өдөр Арвайхээр хотод ажиллаж, Бүрд, Хужирт, Хархорин, Бат-Өлзий сумдын бизнес эрхлэгчид, хоршооны гишүүдэд сургалт зохион байгууллаа.

“Бүс нутгийг брэнд болгон хөгжүүлэх боломж” сэдэвт энэхүү хэлэлцүүлэг, сургалтаар бүс нутгийг брэнд болгон хөгжүүлэх стратегийг танилцуулж, ажлын хэсэг байгуулах, талуудын үүрэг оролцоог тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах, эвент арга хэмжээг явуулах ач холбогдол, алдаа дутагдлын талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр “Чадваржсан хоршоолол байхгүй байна. Малчид хоршоололд хамрагдах хүсэл сонирхолтой ч ач холбогдлыг нь мэдэхгүй, итгэл үнэмшил байхгүй учраас хөрөнгө нийлүүлж чаддаггүй. Ноогдол ашгаа хувааж мэддэггүй” гэсэн асуудлууд яригдлаа. Сум бүрт брэнд бүтээгдэхүүн байгаа боловч түүнийг яаж олон нийтийн хүртээл болгох арга замаа тодорхойлоогүй, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь Монголын уламжлалт, үндэсний хоол унд, бэлэг дурсгал, бүтээгдэхүүн, ёс заншил, соёлын өв бүхий газар нутгаараа гадаадын жуулчдыг татах арга барилд сураагүй байгааг аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн хэлж байв.

Төслийн зорилгот нь шинээр брэнд гаргах бус нутагтаа байгаа алдартай, онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээгээ түшиглэн тэдгээрийг цогц байдлаар хөгжүүлж, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтуудыг татахад оршино. Өвөрхангай аймгийн Засаг даргаас тус төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд дөрвөн саналыг төслийн багт тавьлаа. Аймгийн нийгэм, эдийн засагт тустай төслийг боловсруулж, гадна дотны хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр хамтран ажиллах, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор Нэг цонхны үйлчилгээ байгуулж, брэнд бүтээгдэхүүн, аялал жуулчлалын мэдээллийг нэг дороос өгөх, аялал жуулчлалын Мэдээллийн төв байгуулах, орон нутагт аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж буй боловсон хүчнийг мэдлэг, мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх гэсэн саналыг тавьсан юм.

“Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа” төслийг 2019 он хүртэл хэрэгжүүлэхээр 2016 оны 12 дугаар сард нээлтээ хийжээ.

Б.Батчимэг

Related news