Орон нутагт гамшгийн эрсдэлийг бууруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-20 23:43:42

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутгийн төвшинд хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт нээлтээ хийв.

Нээлтэд аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл дэд бүтэц, Хот төлөвлөлт, Хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, аймгийн Онцгой Байдлын газрын дарга Г.Батбаяр болон бусад албаны төлөөлөл ОБГ-ын алба хаагчид оролцлоо. 2016 онд Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт хот нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхтай хотыг бий болгох нь” уриалгад нэгдсэн. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал Японы Мияги мужийн Сендай хотод 2015 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд болж гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015 оноос хойш баримтлах үйл ажиллагааны хүрээг батлан улс орнуудад түгээн дэлгэрүүлэх ажиллагааг эхлүүлжээ.

Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой Байдлын Ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн өмнөд Азийн бүс нутгийн газар хамтарч “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутгийн төвшинд хэрэгжүүлэх нь” сэдэвт хоёр өдрийн сургалтыг хийж байгаа нь энэ юм. Сургалтад Онцгой Байдлын Ерөнхий газрын харьяа анги, байгууллагын төлөөлөл нийт 50 гаруй хүн оролцож байна.

                                                                                                                                                           Б.Норовсамбуу

Related news