Халдварт өвчнөөр өвчлөгчид өмнөх оноос 266 хүнээр өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 16:16:34

Өвөрхангай аймагт он гарсаар 2066 хүүхэд мэндэлж, харин 479 хүн нас баржээ. 1000 хүнд ноогдох төрөлт 18.3, нас баралт 4,2 хувьтай  байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0,7 пунктээр буурч, нас баралт 0,3 пунктээр өссөн байна.

Өөрөөр хэлвэл хүн амын өсөлт өнгөрсөн оноос 5,9 хувиар буурчээ.

Нэг хүртэлх насандаа 26 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр, 5 хүртэлх насандаа 10 хүүхэд эндсэн нь өмнөх оноос 4 хүүхдээр нэмэгдсэн байна.

Халдварт өвчнөөр 714 хүн өвчилсөн нь өмнөх оны мөн үеэс 266 хүнээр буюу 59,4 хувиар өссөн бөгөөд агуулгаар нь авч үзвэл вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 20 хүнээр, заг хүйтнээр өвчлөгчдийн тоо 2 хүнээр буурч, салхин цэцгээр өвчлөгчид 22 хүнээр, цусан суулгаар өвчлөгчид 3 хүнээр, тэмбүүгээр өвчлөгчид 28 хүнээр, трихоминазаар өвчлөгчид 36 хүнээр тус тус нэмэгджээ.

Гэмт хэргийн улмаас 82 хүн нас баржээ

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт он гарсаар 394 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 47 гэмт хэргээр буюу 13,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 52.5 хувь нь сумдад, 47.5 хувь нь аймгийн төвд гарсан ба гэмт хэргийн улмаас 743 сая төгрөгийн хохирол учирч, түүний 51,6 хувь буюу 383,7 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчийн 240 хүн буюу 60,7 хувь нь 18-35 нас хүртэл, 124 хүн буюу 31,4 хувь нь 35-аас дээш насныхан, 31 хүн буюу 7,8 хувь нь 17 хүртэлх насныхан байна. Мөн тэдгээрийн 15,4 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 28,1 хувь нь ажилчин, малчин, 47,8 хувь нь ажилгүй иргэд байгаа юм. Гэмт хэргийн улмаас 168 хүн бэртэж, 82 хүн нас баржээ. 

Б.Батчимэг

Related news