“Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг баруун бүсийн хэмжээнд тэмдэглэдэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-13 11:45:35

Ховд аймгийн үзэсгэлэнт Хар ус нууранд “Байгаль дэлхийгээ хайрлая” уриан дор хоёр жилд нэг удаа “Мөнгөлөг шагшуурга" мөсний баяр тэмдэглэдэг уламжлалтай. Аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулдаг энэхүү мөсний баяр нь аялал жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв соёлоо сурталчлах зорилготой юм.

Өнгөрсөн жилийн мөсний баярт оролцсон хүндтэй зочдын нэг нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай байсан юм. Тэрбээр “Мөсөн дээрээ ийм сайхан наадам хийдэг ард түмэн хэр олныг би мэдэхгүй. Хар ус нуурын лус унтаж байна. Та бүхний эх дэлхийгээ хайрлах уриатай, өв соёлоо дэлгэрүүлэх чин хүсэлтэй энэхүү баяр бол лусын зүүд юм” гэж хэлсэн билээ.

Ховдчууд “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг баруун аймгуудын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх зорилт тавьж байгаа юм. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг мөнгөлөг шагшуурга мөсний баяр оролцохын тулд ховдынхон баярт зориулж дээл, малгай, гутал дулаан хувцас бэлддэг болсон төдийгүй төрөл бүрийн урлаг, спортын тэмцээнд албан байгууллагууд зохион байгууллаттай оролцож хэвшээд байна.

Цас мөсний баяр дунджаар аймаг, сум, дотоод, гадаадын жуулчид нийлсэн 12 мянга гаруй хүн оролцдог. “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар ус нуурын “Төмөртийн тохой”-д зохион байгуулдаг. Анх Дэлхийн байгаль хамгаалах сангийн баруун бүсийн хөтөлбөрийн газар санаачлан нутгийн иргэд төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран зохион байгуулж байсан мөсний баяр 6 дахь жилдээ баруун бүсийн хэмжээний томоохон наадам болж өргөжиж байгаа юм. Мөсний баярын арга хэмжээнд Ховд аймгийн 17 сумын төлөөлөл оролцож, олон үндэстэн угсаатны бүлгүүдийн урлаг соёл, зан заншлыг харуулсан үзүүлбэрээсээ толилуулдаг уламжлалтай. "Мөнгөлөг шагшуурга" Ховд-2016 мөсний баярт оролцогчдод зориулж Ерөнхий боловсролын хөдөлмөр технологийн багш нар мөсөн хотхон хийхээс гадна баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан төрөл бүрийн үйлчилгээг иргэд өөрсдөө гаргадаг. Тухайлбал Морин чарга, цана, чарга, тэшүүр түрээслэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, морь тэмээгээр үйлчлэх зэрэг үйлчилгээг зохион байгуулагчдын зүгээс нутгийн иргэдтэй хамтран хийдэг юм. Өвлийн аялал жуулчлалын шанг татсан Хатан хар ус нууран дээр болдог мөсний баярыг ховдчууд төдийгүй хол ойрынхон хүсэн хүлээдэг болоод байгаа юм.

А.Бямбасүрэн

 

 

Related news