Хорио цээрийн хяналтын постуудыг татан буулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-05 23:10:21

Дархан-Уул аймгийн Хонгор суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчний голомтыг устгах чиглэлээр тус аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн байдалд шуурхай ажилласны үр дүнд өвчний голомтыг нэмэгдүүлэлгүй барьж чадсан гэж аймгийн Онцгой Байдлын газрын дарга Г.Батбаяр ярилаа.

Өвчний голомтот өрхүүдийн хонийг бүрэн вакцинжуулсанаар танадалтын 14 хоногийн хугацаанд нэмж өвчин илрээгүй тул нөхцөл байдлыг харгалзаж үзээд хяналтын постуудыг энэ сарын гурванд татан буулгажээ. Мөн Монгол Улсын Засгийн газар болон ХХААХҮ-ийн Сайдын шийдвэрээр хонины цэцэг өвчний масс вакцинжуулалт эхэлсэн байна. Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг энэ сарын дөрвөнд Хонгор сумаас эхлүүлжээ.

“Өнгөрсөн хугацаанд голомтын ойролцоох 882 толгой малд тус өвчнөөс сэргийлэх тарилгад хамруулж 336 хонийг устгалд хамруулж тухай бүрт нь ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийсэн. Мэргэжилтнүүд маань энэ өвчинтэй тэмцэх заавар зөвлөгөөний дагуу өвчний голомтыг нэмэгдүүлэлгүй барьж чадсан” гэж аймгийн ХХААГ-ын дарга З.Нэргүй онцлов.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news