Дотоодын болон импортын архи дарсанд ижил татвар ногдуулдаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-15 13:44:38

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын Марракешийн хэлэлцээрт нэгдсэнээр бусад гишүүн орнуудын адилаар Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг баримтлах үүрэг хүлээжээ. Тус хэлэлцээрт Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын гарал үүсэлтэй импортын бараанд үндэсний гарал үүсэлтэй ижил бараанд олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгохоор заасан боловч одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Онцгой албан татварын тухай хуулиар дотоодын болон импортын архи, дарсанд ялгавартай татвар ногдуулж байгаа аж.

Мөн Япон Улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрт заасны дагуу Японы талаас импортын архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийн архи, дарстай ижил хувь хэмжээгээр ногдуулах шаардлага тавьсан байна. Иймд  дээрх үндэслэлүүдийг харгалзаж Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Түүнчлэн архи, дарс үйлдвэрлэдэг дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмпингээс хамгаалах зорилгоор импортын архи, дарсанд ногдуулдаг гаалийн албан татварын хувь хэмжээг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт заасан буюу зөвшөөрсөн хувь хэмжээнд хүргэн нэмэгдүүлэхээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ үеэр гишүүд архи дарсанд оногдуулж байгаа одоогийн хувь хэмжээ энэ хуулиар хэд болох, хувь хэмжээ нэмэгдэж байна уу эсвэл хасагдаж байна уу, зөвхөн манай талаас нэмэх хасах тухай ярих нь зөв үү, цаад тал энэ асуудалд уян хатан хандаж татвартаа хөдөлгөөн оруулж болохгүй юу гэх зэрэг асуудлыг Сангийн сайд Б.Болор болон ажлын хэсгээс тодруулж байв. Салбарын сайд болон ажлын хэсгийн зүгээс “Импортын архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийн архи, дарстай ижил хувь хэмжээгээр ногдуулахаар хуулийн төслийг оруулж ирсэн” гэсэн тайлбар өгч байлаа. Ингээд хэлэлцэж буй хууль тогтоолын төслүүдээр санал хураалт явуулахад Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 74,1 хувийн саналаар, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 61,1 хувийн саналаар тус тус дэмжлээ. Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаав.

Б.Туул

Related news