Орон сууцны 00-ийн өрөөний эздийг хариуцлагатай болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Эрчим хүчний байгууллагуудын шуурхай хурал болов. Хурлаар аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл дэд бүтэц, Хот төлөвлөлтийн бодлого, хууль эрхзүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболдод өвөлжилтийн өнөөгийн нөхцөл байдлаа эрчим хүчний байгууллага бүр танилцуулж өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай хэлэлцэж тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.
Тодруулбал, 2004 онд улсын хэмжээнд нийтийн эзэмшлийн орон сууцнуудын 00-н өрөөг иргэдэд хувьчилсан. Хувьчилж авсан иргэд 2012 оныг хүртэл СӨХ, “Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК зэрэгтэй гэрээ байгуулж хяналттай ажилладаг байсан бол 2012 онд гэрээ цуцлагдсанаар уг байруудад хяналт тавихад хүндрэлтэй болжээ. Энэ нь эрчим хүчний ямар нэгэн доголдол гарахад ихэнх 00-н өрөөний хариуцах хүнтэй холбоо барих боломжгүйгээс цахилгаан эрчим хүчний аюулгүй байдал алдагдахад хүрч байгааг ДСЦТС ХК-ийн мэргэжилтнүүд хэлж байлаа. Тиймээс энэ асуудлыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор өмчлөл, хариуцлагын асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгааг хэлэлцэв. Одоогоор аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний тусгай зориулалтын өрөө буюу нийт 80 гаруй 00 өрөөг иргэн, аж ахуйн нэгж, айл өрхүүд эзэмшиж байгаа юм байна. Үүний нэгэн адил “Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-иас орон сууцны зоорийн давхруудын холбогдох эздийг тодорхой болгож аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж яаралтай үед бэлэн байдлыг хангахыг СӨХ-ны удирдлагуудад уламжлав.
ДДС ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Бат-Эрэнэ:-“Өнөөдрийн байдлаар эрчим хүч, шугам сүлжээний үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт дулааны шугамд эвдрэл гарсныг шуурхай засварласан. Ес эхэлснээс хойш хүйтний эрч чангарч байгаагаас хариуцлагатай жижүүр ажиллуулж байна” гэв.
Б.Норовсамбуу